АНУ-ын ерөнхийлөгчийн 8 сонгуулийн дүнг таасан профессор Трампыг ялна гэжээ

Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын дараачийн ерөнхийлөгч болно. Түрүүнд нь 1984 оноос 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зөв тааж чадсан америкийн улс төрийн түүхийн профессор Аллан Личтмэн “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа ийм таамаглал дэвшүүлсэн байна.
Личтмэн ингэж таамаглахдаа, өөрийн боловсруулсан “Цагаан ордны түлхүүр” гэсэн нэртэй аргыг үндэс болгосон бөгөөд энэ арга нь сонгуулийн өмнөх сунгаанд ялах хүнийг тодорхойлох боломж олгодог 13 зүйлийг багтаадаг байна. Үүнд тухайлбал, Төлөөлөгчдийн танхимд аль нам олонхи болж байгаа явдал, нэр дэвшигчийн бусдыг татах чадвар, улс орны эдийн засгийн байдал, улс төрийн донсолгоо гарсан эсэх асуудал, олон улсын бодлого болон хилийн чанад дахь цэргийн ажиллагааны алдаа, амжилт ордог байна.
Профессорын хэлснээр, 13 “түлхүүрийн” 5 нь: тодруулбал, 2014 оны завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялалт байгуулсан, одоогийн төрийн тэргүүн Барак Обама сонгуулийн өмнөх сунгаанд оролцох боломжгүй байгаа. Түүний ерөнхийлөгчөөр ажилласан хоёр дахь хугацаанд дотоодод дорвитой өөрчлөлт болон гадаад бодлогод мэдэгдэхүйц амжилт гараагүй, түүнчлэн ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтонд бусдыг татах чадвар дутагдаж байгаа нь ардчилсан намынхан ялагдахыг харуулж байгаа ажээ.
Личтмэний аргаар бол, хэрвээ зургаан “түлхүүр” ардчилсан намынханд ашигтай биш байх аваас, тэд сонгуульд ялах магадлалгүй болж байна. Либертарианы намаас нэр дэвшигч Гэри Жонсон сонгуульд оролцож, түүний төлөө сонгогчдын таван хувиас цөөнгүй нь санал өгвөл, энэ нь шийдвэрлэх хүчин зүйл болж мэдэх аж.
Үүний зэрэгцээ тэрбумтан хүн Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн нь ирэх сонгуулийн дүнг урьдчилан таамаглахад хамгийн хэцүү байсныг шинжээч хүлээн зөвшөөрсөн байна. “Бид түрүүнд нь Дональд Трамп шиг нэр дэвшигчтэй хэзээ ч учирч байгаагүй. Тиймээс Трамп 1860 оноос хойш явж ирсэн түүхэн улигт загварыг эвдэж бүрнээ болох юм” гэж тэр цохон заажээ.
Личтмэн есөн ном, 100 гаруй өгүүлэл бие даан болон хамтран бичжээ. Тэрээр “Цагаан ордны түлхүүр” гэдэг аргаа түүнд заасан зүйлүүдийг 1860 оноос 1980 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй харьцуулан зохиосон байна. Энэхүү арга нь тухайлбал, 2000 оны сонгуулиар ардчилсан намын өрсөлдөгч Альберт Гороос цөөн санал авсан ч, хүү Жорж Бушийг ялна гэж урьдчилан таамаглах боломжийг Личтмэнд олгожээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх 11 дүгээр сарын 8-нд болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ