Камчаткын галт уул сэржээ

ОХУ-ын алс дорнодын Камчатск мужийн Петропавловск хотод Шивелуч хэмээх галт уул сэрж, агаарт тарсан нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн халуун үнс ойролцоогоор 9000 метрийн өндөрт цацагджээ. Хэзээ ч сэрж болзошгүйд тооцогддог Шивелуч галт уул нь 3283 метр өндөр. Урьд нь тус галт уул 2009 оны тавдугаар сард халуун лаваар тургиж, ойр орчмын 10 км-ийг хамарч байсан удаатай.
ОХУ-ын гамшгаас хамгаалах албаныхан төдийгүй цэрэг, цагдаагийн хүчнийхэн иргэдийг нүүлгэн шилжүүлж, Шивелучийн бэлд орших Петропавловск хотыг болзошгүй аюулаас хамгаалж эхэлсэн байна.Сибирийн тойргийн байгаль орчны шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн албанаас мэдээлэхдээ “Шивелуч галт уул 24 цагийн турш халуун үнс агаарт цацаж, 150 удаа хүчтэй тургисан. Цаашид галт уулын лав 6.9 км-ийг бүрхэх аюултай”гэлээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ