Европын үер гамшиг дагуулсан хэвээр байна

Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Европ тивийн гол мөрний усны түвшин нэмэгдэж, сав газартаа үерийн гамшиг дагуулж байна. Эльба, Рейн, Дунай мөрний усны түвшин нэмэгдсээр Герман, Чехийн эрх баригчдыг онцгой байдал зарлахад хүргэжээ. Ялангуяа Чехэд ойрын хэдэн жил тохиолдоогүй их үер болж байна.ойролцоогоор тус улсад 23 мянган хүн үерийн гамшгаас болж оронгэргүй болсон байна. Чехийн Засгийн газар, Онцгой комисс хуралдаж, гамшгийн байдалтай хот, суурингуудад хийх ажлын төлөвлөгөө гаргажээ.

Ерөнхий сайд Петр Нечас нь телевизээр ард иргэддээ хандаж үг хэлжээ. Прага болон бусад хотуудад иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Автозам, төмөр замын сүлжээ хэсэгчлэн хаагдаж, холбоо харилцаанд хүндрэл үүссэн аж. Гурван хүн амь үрэгджээ. Зөвхөн Чех гэлтгүй, Төв Европын бусад орнууд ч үерийн гамшигтай нүүр тулаад байна. Эльба, Рейн, Дунай мөрний усны түвшин нэмэгдсэнээр голын сав дагуу оршдог Герман, Австри, Швейцарь зэрэг улсад үер болж, эрх баригчид нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Энэ ажилд армийнхныг татан оролцуулж байгаа юм байна. Германы Пассау, Розенхайм мужид онцгой байдал зарлажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ