Цагаан Монголчууд ба Хар мөс

Монгол Улсын иргэн Н энэ сарын 13-нд хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэн Эрээн хотын цагдаагийн газарт саатуулагджээ. Хар тамхи хаяанд ирсэн байна. Сардаа нэг шахуу мөс авч явсан тээвэрлэсэн хэрэг зөрчлийн мэдээ хэвлэл сайтад голлох боллоо. Яг ард нь бодит зураг ямар байгааг бид төсөөлөх ч үгүй байгаа. Хэдэн залуу сагсуурчээ гэсгээд өнгөрч байна. Сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэж эхлэнэ гэдэг бол гэмт хэрэг, гаж үйлдэлд өөрийгөө бэлдэж байна гэсэн үг. Буу барьсан хүн гэж бодвол гохоо дарах хязгаараа давахаар оролдож байгаатай зүйрлэж болохоор.
Бодит байдлаас тасарсан сансрын мэт орчинд хормын төдий хөтлөх хар мөс манайд сүлжээ болж байгаа дүр зураг харагдаад байгаа. Гол аюул нь энэ мансууруулах төрлийн бодис улам бүр нийгмийн хүрээгээ тэлж буй хандлага. Баян айлын эрх хүүхдүүдийн хэрэглээ, дээд зиндааны мансуурал мэт байсан бол одоо дундаж давхаргын залуус татагдаж клипний мөнгөөрөө мансуурчих гээд байдаг урлагийнхан ч сонсогдох боллоо.
Хэрэглээ нь өргөн болоод ирнэ гэдэг үнэ хямдарч байгаагийн шинж. Тээвэрлэлт, хадгалах зэрэг нь хаяаны Эрээнээр дамжиж эхэлж байгаа бол бүр ч ноцтой.
Хар тамхины хэрэгт хүлээлгэх шийтгэл, хуулийн санкц нь хатуу сууж өгсөн гэж эрх зүйчид хэлдэг. Манай улсад мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, хадгалах, өөрөө хэрэглэх, бусдад худалдах, хууль бусаар хил нэвтрүүлэх гээд бүх төрөлд 10-15 жилийн хорих ял оноодог. Дотор нь нарийн ялгамж байдаггүй гэж зарим хуульчид шүүмжилдэг. Сонирхож саваагүйтсэн нэгэн хүү, охин гэнэ алдлаа гэхэд шууд 10 жилийн амьдрал нь торны цаана орж, нурж мэдэхээр. Энэ талаас нь хар тамхитай холбоотой хэргийн зүйлчлэлийг ангилж, ялгамжтай болгох саналыг хүний эрхийн байгууллагын төлөөлөл хэлдэг.
Хятад Тайванд бол шууд цаазаар авах ялтай. Ганц жилд 2300 хүн хар тамхины хэргээс болж цаазлуулсан мэдээ байгаа.
Хар мөстэй холбоотой дараагийн асуудал бол нэгэнт хар тамхинд донтсон бол аврал тусламж хаана байна. Хэрхэн эмчлэгдэх вэ? Энэ асуултад бараг “горьдох” хэрэггүй гээд хэлчихэж болохоор. Сэтгэц судлалын ганцхан төвтэй хэрнээ дүүрэг бүртээ эрүүлжүүлэхтэй манайх шиг улсад хар тамхины донтолтыг эмчлэх, эдгээх төгс эмчилгээг цогц байдлаар авах боломж үнэндээ байхгүй харагдана. Мөнгө нь байлаа ч орчин нь байхгүй. Ганц нэг гүн орсон залуусаа эмчилж аварч байгаа юу, тэр чигт нь шоронд хадаад дуусгаж байгаа юу гэдэг талаар тодорхой мэдээлэл алга. Орсон бол сэтгэцийн хорт хавдар туссантай адил. Тарчилсаар үхлээ тосох ганц зам байгаа гэж хэлж болохоор.
Цагаан мөртэй ард түмний үр хүүхэд хар тамхинд автсаар байгааг сэрэмжлүүлэх ч багадна. Төр ард олон нийлээд дуу нэгтэй хааж чангалах зүйл бол хар тамхи болоод байна.
Там там л гэнэ
Там хаана байна
Тамтаггүй явбал там тэр мөн... гэж Д.Равжаа хутагтын хэлсэн шиг цагаан мөртэй ард түмний хүүхдүүд хар мөсөнд хальтирч харанхуй ангалд үлдэх учиргүй.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ