Дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг ОХУ-д уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хэвлэлийн хурал хийхдээ, Орос улс дэлхий нийтийн шинжтэй шинэ шинэ асуудал үүсгэх биш, харин асуудлыг шийдвэрлэхэд оролцох ёстой гэж мэдэгджээ.

“Орос улс бол томоохон, чухал орон гэж бид үздэг. Түүний зэвсэгт хүчин дэлхийд бидний дараа л ордог юм. Тиймээс ОХУ дэлхийд элдэв асуудал үүсгэх шалтгаан болох биш, харин эдгээр асуудлыг шийдвэрлэхэд оролцох ёстой хэмээн бид үзэж байна” гэж Обамагийн хэлснийг Интерфакс агентлаг иш татжээ.

Оросын талыг Минскийн тохиролцооны хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл хориг арга хэмжээ хэвээр байх болно гэж тэр хэлсэн байна. Вашингтоны засаг захиргаа ОХУ-ын бодлогыг мушгин тайлбарлаж байна хэмээн мэдэгдэж байгаа нь буруу юм гэж тэрээр бас дурджээ.

Үүнээс гадна, Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп оросын төрийн тэргүүн Владимир Путинийг үлгэр дуурайлал авбал зохих хүн хэмээн харж байна гэж Барак Обама хэлээд, үүнийг америкийн бодлогын хувьд урьд өмнө байгаагүй явдал гэж тодорхойлжээ. Орост хандаж буй Трампын хандлага бүгд найрамдахчуудын ч, ардчилсан намынхны дунд ч дэмжлэг олохгүй гэж Обама хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ