Трамп Оросын талаар баримтладаг байр сууриа тодруулав

Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп Оросын талаар баримтладаг байр сууриа тодруулан тайлбарлажээ. Бизнесмэн Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа өөрийгөө Оросын анд нөхөр ч биш, дайсан ч биш гэж үздэгээ мэдэгдсэн байна.

“Би Орос болон ерөнхийлөгч Владимирр Путинтэй сайн харилцаатай байх болно хэмээн найдаж байгаа. Би өөрийгөө оросуудын анд нөхөр, дайсны аль алинд хамруулахгүй” гэж тэр мэдэгджээ.

Ингэхдээ Трамп өөрийн өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны оросын эсрэг байр суурийг шүүмжилсэн байна. “Тэр Путинийг байнга муу талаас нь харуулж байна. Хэрвээ тэр ялвал, Оростой хэрхэн харилцах гэж байгаа юм бол. Нэгдүгээрт, Путин түүнтэй хэлэлцээ хийхээс татгалзана, хоёрдугаарт, тэр Клинтоныг хүндэтгэдэг хэмээн би бодохгүй байна” гэж Трамп дурджээ.

Трамп Владимир Путинд талархаж байдгаа нэг бус удаа илэрхийлж, түүнчлэн АНУ, Оросын харилцааг сайжруулах бодолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Ингэхдээ Оросын удирдагчтай хэрхэн харилцахаа хараахан мэдэхгүй байна гэж тэр аравдугаар сарын 6-нд мэдэгдсэн билээ. “Бүх зүйл хэрхэхийг харцгаая” гэж тэр дурдсан байна.

Америкийн ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 8-нд болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ