Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүллээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт ууланд 11 цаг 40 минут буюу морь цагт эхэлсэн Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ажиллагаа дөнгөж сая дууслаа. Их хар сүлдийг цэнгүүлэх ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болоод Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Цагдаа гэх мэтчилэн хүчний байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Бүх цэргийн Их Хар сүлдний дүрэм”-д зааснаар Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутам хийдэг аж. Бүх цэргийн Их Хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн юм. Их сүлд нь Чингис хааны үеэс төр, цэргийн сүлд шүтээн болгосон хараа ихт Хар сүлдийн залгамж онгон догшин шүтээн бөгөөд Их сүлдийг зөвхөн тайлгын үед өргөөнөөс залж гарган, алс хол аялуулахыг хоригложээ.

Бүх цэргийн Их хар сүлдийг тайх, цэнгүүлэх үед сүлдийг өргөөнөөс залж гаргах бөгөөд энэ тухай Батлан хамгаалахын сайдын тушаал гаргадаг бол Бүх цэргийн Их хар сүлдийг залж гаргах, жагсаалд байрлуулах, буцааж залах ажиллагааг Могнол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Цэргийн жагсаалын дүрэм”-ийг баримтлан гүйцэтгэнэ.

Бүх цэргийн Их Хар сүлдийг залж жагсаалаар явахдаа дөрвөн цуваагаар явах бөгөөд 1-р цуваанд төрийн хонжин буюу сүлд залагч, 2-р цуваанд Их сүлд, 3-р цувааны баруун гар талд Өмнийн элч сүлд, зүүн гар талд Өрнийн элч сүлд, 4-р цувааны баруун гар талд Умрын элч сүлд, зүүн гар талд Дорнын элч сүлд явахаар тусгажээ.

Тэнгэрээс заяат үлэмжийн их Чингис хаан Монгол туургатныг нэгтнэж төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаа мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн Хар сүлдээ бүх монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир, түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залдаг уламжлалтай юм.

Эх сурвалж Aravt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ