Улс төрд эмэгтэйчүүдийн од гийж эхэллээ


Сүүлийн үед дэлхий нийтэд эмэгтэй улстөрчдийн үүрэг роль өндөр болсныг олон улсын төвшинд болж буй үйл явдлууд харуулж байгаа билээ. Манай улсад ч энэ байдал бий болж эхэлж байна. Үүний нэг жишээ бол одоогийн УИХ-д 11 эмэгтэй гишүүн сонгогдоод байгаа явдал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн нь энэхүү шинэ цагаас манай улс төр хоцроогүйг харуулсан үйл явдал боллоо. Тэр бол МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Архангай нутгийн унаган охин, Монголын нэртэй сайн улстөрчдийн нэг, Шинэтгэлийн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал юм.
“Сант марал” судалгааны төвөөс хот, хөдөөгийн иргэдийн дунд явуулсан нэгэн судалгаагаар улстөрчдийг шигшихэд хөдөөгийн шилдэг 10 улстөрчийн наймдугаарт тухайн үед МАХН-ын нарийн бичгийн дарга байсан Н.Удвал жагсч байв. Топ улстөрчид тодруулдаг болсон сүүлийн 10-аад жилд ИЗНН-ын дарга С.Оюунаас өөр эмэгтэй шилдгийн шилдэг дотор багтаж байгаагүй юм. Харин түүний дараа хатагтай Н.Удвал топ 10 дотор ийнхүү орж ирсэн юм. Монгол хүн наймын тоог бэлгэшээдэг. Наашлахын найм, өөдөлж өгсөхийн бэлгэдэл гэдэг. Хатагтай Н.Удвал найман хүүхэдтэй өнөр айлын охин. Тэгээд топ 10 улстөрчийн найм дахь нь болж байсан. Энэ нь түүний сонгогчдын итгэлийг лавтай олсныг гэрчилсэн явдал болж байв. “Сант марал” төвийн судалгаа хэзээ ч хийсвэр байдаггүй юм. Аль нэг нам, улс төрийн хүчинд үйлчилж, түүний төлөө буруу ташаа дүн гаргаж байгаагүй шударга судлаачид энэ дүнг гаргасанд үнэ цэнэ нь байдаг.
Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх олон шалтгаан бий. Эхнийх нь ерөөсөө дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж буйг дээр хэлсэн. Олон орон эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын даргатай болж байна. Манай бүс нутагт л гэхэд эцгийн хатуу эрхт уламжлал ноёрхсон Өмнөд Солонгос эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоод байна. Бас саяхан Монголд айлчилсан Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи гээд Азийн лидер эмэгтэй улстөрчид олон. Дээхэн үеэс нэрлэвэл Энэтхэгийн Индира Ганди, Бангладешийн Беназир Бхутто гээд Ази шилдэг эмэгтэй улстөрчдөөр бусад тивээс дутаж байсангүй. Хатагтай Н.Удвал ч Эрүүл мэндийн сайд, төрийн түшээ, Монголдоо нэр хүндтэй улстөрч.
Нөгөө нэг шалтгаан болгож уламжлал талаа авч үзье. Монгол хийгээд дорнын ард түмэнд арга билгийн ухаан гэж бий.Үүнийг эдүгээчилж ойлговол жендэрийн тэгш байдал. Төр дарга тал дийлбэл бодлого хатуурч нийгмээсээ холдоод явчихдаг, билэг давбал хэт зөөлөрдгийг Чингис хааны үеэс мэдэж тэнцүүлж иржээ. Чингис хааны төрийн хатад Их Хурилдайд сууж, үзэл бодлоо хэлж, хаан угсааг залгамжлах асуудлыг ч сэрээж сануулж байсаннь төрд хаан ухааныг хатан ухаанаар түшүүлж арга билгийг тэнцүүлж байсны илрэл.Сорхогтун Бэхи хатан 28 жил Их Хуралдайг тэргүүлж байсныг санахад тэр цагийн төрийн бодлого ямар байсан нь мэдэгдэнэ.Төрд хатдын түшиг их байсны гэрч нь төрийн долоон эрдэнийн нэг болох Хатан эрдэнэ юм.Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын мэргэн ухаант эмэгтэйчүүдээ төлөөлүүлж МАХН-аас хатагтай Н.Удвалын нэрийг ийнхүүдэвшүүллээ.
Эмэгтэй улстөрч улс төрд зайлшгүй байх ёстой бас нэг шалтгааныг хэлье. Арга, билгийн тэнцвэрийг улс төрийн дээд төвшиндөө хангаж чадсан орнуудад албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг эрс буурч, нийгмийн хамгаалал сайжирдаг аж. Арга тал нь хэтийдсэн Монгол Улсад албан тушаалын хэрэг байн байн мандахаас гадна нийгмийн хамгааллаа тавьж туучихаад бэлэн мөнгөний халамж, амлалтаар түүнийгээ нөхөх санаатай төсвөө дундруулж сандарч тэвддэг байдал байнга шахуу үзэгддэг. Эмэгтэй хүн “би”гэдэггүй “бид” хэмээн ямагт санаж хүүхэд, хөгшид, эр , эм гэлтгүй ам бүлийн хүн бүртээ ижил анхаарал хандуулж уух идэх, өмсөх зүүхээр дутаахгүйн төлөө зүтгэдэг чанар төрд өндөр алба хашихад нь ч тэр хэвээрээ илэрдэг сайн талтай. Эмэгтэй улстөрч олонтой Скандинавын орнуудад авлига хээл хахууль, нийгмийн элдэв бэрхшээлтэй асуудал бараг байддаггүйн учир энэ.
Харин эрчүүд “би” гэдгээрээ ганц өөрийгөө дөвийлгөн үзэж цалингаа эхнэртээ атгуулчихад л айл гэрийг болгочихно гэсэн бодолтой явдаг нь төрийн эрх барихад нь ч илэрч, бэлэн мөнгө иргэдэд тараагаад байвал улс орон өөрөө өөдөө явчих мэт төсөөлөн халамжийн бодлогоор иргэдээ тордох санаатай ч тэр бодлого нь байгаа онохгүй тэвддэг. Түүний жишээ гэвэл 2000 онд 36 хувьтай байсан ядуурлын төвшин өнөөдөр яг тэр байран дээрээ эргэлдсээр.
Улс төрдөө эрчүүдийн үнэмлэхүй олонхийн төлөөлөлтэй Монголд эгэл жирийн эрэгтэйчүүдийн асуудал хаягдсан гэж хэлж болно. Эрчүүдийг мөнгө олох хэрэгсэл гэсэн ойлголт нийгэмд улам гүнзгийрсээр. Дундаж наслалт нь эмэгтэйчүүдээс даруй 10-аад жилээр доогуур, боловсролын төвшин тааруу, үүнээсээ болоод бүсгүйчүүддээ гологддог болсон гээд тоочвол асуудал олон.“Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг нь үнэн л бол эрэгтэй улстөрчид Монгол Улсыг залж ирсэн байтал эрчүүдийн байдал ингэж доош орохгүй л байсан. Үүнээс улбаалж гэр бүлийн хүчирхийлэл, санаанд багтамгүй гэмт хэрэг, эхнэр хүүхдээ харгисласан жишээ сүүлийн үед тасрахаа болилоо. Монгол төрд “ээж” байсан бол ард иргэд ингэтлээ дор орохгүй байсан байж мэднэ.
Ийм байдлаас нийгмийг аврах, эх нялхас, ерөөсөө нийгмийн гишүүн бүрийн амьжиргааг дээш татах хөдөлгүүр нь өнөөдөр эмэгтэй улстөрчид болж байна. Нийгэм хямралтай байгаа өнөө үед улстөрчид аль болохоор амиа хоохойлж, аль болохоор нэр нөлөөтэй нэгний сүүдэрт хоргодон түүнийхээ нэр нөлөөгөөр өөдөө гарахыг хичээх болж. Харин хатагтай Н.Удвалын хувьд тийм биш. Улс төрийн хатуу ертөнцийн дандаа өнгөн дээр явж ирсэн. Унаган нутагтаа хүүхдийн эмчээр ажиллаж, эгэл олныхоо дундаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Н.Удвал чухам өөрийн хүч чадал, шаргуу, ажилсаг, дайчин чанараараа ямагт дээшлэн дэвшсээр 2000-2004 онд Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашсан юм. Түүний шударга чанарыг тухайн цагийн МАХН үнэлж Ёс зүйн дэд хороогоо даргалуулж байлаа. МАХН-ын гишүүд хатагтай Н.Удвалаас эмээж ёс зүйн доголдол гаргахаасаа айдаг байсан юм. Н.Удвал дарангуйлагч учраас хүн айлгаж байсан биш, ёс зүйн алдаагүй, үнэнч шударга хүн учраас бусад хүн ёсгүй аашлахаа төвддөг байсан хэрэг.
Чухам тэр шударга, эрэмгий зангаараа МАН-ын шударга бус байдлыг үл тэвчин хатагтай Н.Удвал журмын нөхдийн хамт МАХН-аа сэргээн байгуулсан юм. 2010 оны тэр намраас хойш тэрбээр чухам мятаршгүй зүтгэлээр МАХН-аа авч яваа хүн. Аль ч намын гол ачаа ерөнхий нарийн бичгийн даргын нуруун дээр буудаг. Тэр зарчмаар МАХН-ын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар хатагтайН.Удвал ажиллаж МАХН-ыгулс төрийн томоохон хүчин болоход чухал үүрэг хүлээсэн юм. “Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэгтэй болсны цаана хатагтай Н.Удвалын уйгагүй чармайлт байсан. Одоо цагийн ихэнх эрэгтэй улстөрчдөд үнэр нь ч байхгүй эрэмгий дайчин, хэлсэн үгээсээ буцдаггүй, мятаршгүй дайчин, цэгц шулуун тийм чанар хатагтай Н.Удвалд цогцолсон юм. Үзэл бодол нэгтэй нөхдөөсөө хэзээ ч урвадаггүй нандинчанар түүнд л бий. Чухам тийм чанар өнөөгийн хүнд юугаар ч сольшгүй эрдэнэ мэт ховор болжээ.
Ийм мятаршгүй шударга, хүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх чадвартай, дэлхийн энгээр сэтгэх цараатай, эрдэм ухаан тэгш хүчирхэг улс төрч МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Мандухай цэцэн хатнаас хойш төрийн жолоог монгол эмэгтэй дахин атгах их хувь түүнд ногдож ч мэднэ. Юутай ч Монголын ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж Төрийн тэргүүнд нэр дэвшин их сунгаанд гарч буй Эрүүл мэндийн сайд Н.Удвалд сүүн цацал өргөн амжилт ерөөе.
Эх сурвалжAravt.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ