Мөнгөөр цатгалдсан улстөрчид хэрэг хүлээхэд бэлэн төдийгүй 4 тэрбумыг ч төлнө гэв
Мөнгө угаасан, авлига авахыг оролдсон байж магадгүй хэргээр шалгагдаад байгаа улстөрчид юу ч хийхээс буцахаа байчихав уу, аль эсвэл номын цагаан солио гэдэг шиг мөнгөний солио туссан юм биш байгаа. Ийн хэлэх учир байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийО.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Сэжигтэн нь дөрвөн банкны 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансаар 2009-2013 оны хооронд 13.9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг удаа дараагийн үйлдлээр өөрийн нэрийн дансаар байршуулсан байжээ. Эл хэргийг өдгөө Улсын мөрдөн байцаах газрын Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа.
Гэтэл сэжигтэн О.Эрдэнэсолонгын нөхөр болох УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр удаа дараа эсэргүүцлээ илэрхийлэн “Тийм их мөнгийг миний гэргий мэдэхгүй. Барьж ч үзээгүй.Шалгавал намайг шалга. Надад ямар хэрэг шахсан ч би хүлээхэд бэлэн байна” хэмээн жиргэсэн юм. Мөнгөөр цатгалдсан улстөрчид наранд байх, нарсанд байх ч адилхан болчихсон юм уу. Аль эсвэл гэргийг нь бариад хорьчихсонд бухимдаж ийн хэлэв үү. Эсвэл хуулийн байгууллагын дарамт, шахалт хэрээс хэтэрч, хийгээгүй хэргийг сэтгэл зүйн эрүү шүүлтээр хүлээлгэдэг тогтолцоонд шилжчихээд тухайн хүн хэнбугай ч байсан хэрэг хүлээдэг болчихоод байна уу. Ямар ч байсан УИХ-ын гишүүн байх эсэх асуудал хамаагүй болж байгаа бололтой. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын дарга З.Энхболд хэрэг төвөгт орооцолдоод байгаа Ё.Отгонбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах санал тавьсан гэх мэдээлэл байна.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ямар ч хэрэг тулгасан хүлээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлчихсэн учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалз гэдэг саналыг тавьж байгаа бололтой. Харин хүлээж авах эсэхийн ам алдсан эрхэм гишүүн өөрөө л мэдэх байх даа.
Үүнээс гадна өчигдөр эхэлж өнөөдөр үргэлжилж байгаа МИАТ-ийн “Дайны эрсдлийн сан”-гийн их хэмжээний мөнгийг угаасан хэргийн шүүх хурлын үеэр бас сонин содон мэдээлэл сонсогдов. Тодруулахад эл хэрэгт МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Эйрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар шалгагдаж байгаа.
Шүүх хурлын үеэр МИАТ-ийндэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн “Би 2005 онд МИАТ-ийн комерийн захирлаар ажилласан. “Монголиан Эйрлайнес” группын захирал. Гаднаас ямар мөнгө орж ирж байгааг Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нар мэддэггүй байсан. 2007 оны шинэ жилийн үеэр Г.Саранчимэгийн дансанд хийгээд авсан. Ганц ч төгрөг Г.Саранчимэгт үлдээгүй. Би шүүхийн өмнө хариуцлага хүлээж 4 тэрбум төгрөгийн торгууль төлөхөд бэлэн байна” гэв.
400 мянган төгрөг биш, 4 сая төгрөг биш, 4 тэрбум төгрөг шүү. Тэр төлөхөд бэлэн байна гэнэ ээ. Төрд төлөх гээд байгаа 4 тэрбум төгрөгийг Ч.Хоролсүрэн хаанаас олов. Төрийн халааснаас суйлсан мөнгөө төрд төлөөд өөрийгөө аварч үлдэх гарц сонгож байгаа нь энэ үү.Мөнгөнд цатгалдана аа гэж...
Х.Амгалан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ