Путин Улюкаевыг огцруулав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Алексей Улюкаевыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын албан тушаалаас огцруулжээ. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж мэдээлсэн байна.
“Владимир Путин Улюкаевыг итгэл хөсөрдүүлсэнтэй холбогдуулан өөрийн зарлигаар эрхлэж байгаа албан тушаалаас нь чөлөөллөө” гэж Кремлийн засаг захиргааны төлөөлөгч хэлжээ.
Тус яамны тэргүүний орлогч Евгений Елинийг Эдийн засгийн хөгжлийн сайдын түр үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамжид ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зурсан байна.
Мягмар гарагт Москва хотын Басманы шүүх онц их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдож байгаа Улюкаевыг гэрийн хорионд хорих тухай мөрдөн байцаагчдын хүсэлтийг ёсоор болгожээ. Шүүх сэжигтнийг гадуур зугаалахыг хориглож, тэр 2017 оны нэгдүгээр сарын 17-ныг хүртэл гэрийн хорионд байх юм.
Сайдыг саатуулсан нь 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө тодорхой болжээ. Мөрдөн байцаах албаны үзэж байгаагаар, Улюкаев “Башнефть” компанийн төрийн мэдлийн багц хувьцааг авах тухай хэлцлийн талаар эерэг дүгнэлт, үнэлгээ хууль ёсоор өгсний хариуд хахуулийн журмаар мөнгө өгөхийг “Роснефть” компанийн төлөөлөгчөөс хууль бусаар шаардсан байна. Ингэхдээ сэжигтэн өөрийн албан тушаалыг ашиглан, компанийн цаашдын үйл ажиллагаанд саад тотгор учруулна хэмээн сүрдүүлж байжээ.
Улюкаев 2013 оны зургаадугаар сарын 23-наас Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалд ажиллаж байсан юм. Үүнээс өмнө тэрээр Төв банкны нэгдүгээр орлогч даргаар есөн жил, 2000 оноос 2004 онд сангийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан байна.
Алексей Улюкаев 1991 оноос хууль сахиулах байгууллагынхны саатуулсан оросын хамгийн дээд тушаалын төрийн албан хаагч болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ