АН-ын ҮЗХ-ноос гаргасан шийдвэрүүд

АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордонд хаалттай болсон юм. Хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалжээ. Хуралдаанд АН-ын лидерүүд болох З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар оролцоогүй байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нартай холбоо барьж чадаагүй гэдгийг намын генсек дуулгав. Харин УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нар хүрэлцэн иржээ.

ҮЗХ-ны наймдугаар сард хуралдсан хурлын үргэлжлэл болж буй өчигдрийн хуралдаанаар2 ажлын хэсэг байгуулахаар, тодруулбал, 12 дугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг 20 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болов. Мөн дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг ч байгуулж, 40 гаруй гишүүнтэй бүрэлдэхүүнийг Ш.Түвдэндорж ахлахаар тогтлоо. Уг ажлын хэсэгт АН-ыг шинэчлэх хорооны гишүүдээс орсон байна.

Мөн энэ өдрийн хуралдаанаар АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаанд оролцож чадаагүй ч түүний намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээж авах эсэхийг хэлэлцэх санал гарсан юм. Гэвч уг асуудлыг дараагийн намын дарга сонгогдтол хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны гишүүд намын шинэ даргаа Их хурлаар батламжлах ёстой бөгөөд нэгмөсөн тэр үед шийдвэрлэхээр болж, З.Энхболдыг намын даргаар үлдээв. Намын дарга, удирдлагаа нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулж сонгох нь зөв гэдэгт гишүүд санал нэгдлээ.

ҮЗХ нийт 220 гаруй гишүүнтэй ч энэ удаагийн хурал нь өмнөх хурлын үргэлжлэл гэдэг утгаараа шийдвэрүүд ирцээс үл хамааран хүчин төгөлдөр хэрэгжих ажээ.

АН-ын Их хурал ирэх сарын 06-нд хуралдах боловч намын даргын сунгаа шинэ онд үргэлжлэх бололтой. Учир нь намын дүрмийг баталсны дараа их сунгаа эхлэх учиртай аж.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ