Далай багш маргааш ирнэ

Дээрхийн гэгээнтэн, XIV далай лам маргааш Монгол Улсад айлчлан ирэх гэж байна. Энэхүү айлчлалын талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өглөө.

Далай лам Гандантэгчэнлин хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар номын айлдвар айлдахаар Монголд ирж буй улс төрөөс ангид, цэвэр номын айлчлал гэдгийг тус хийдээс онцолж байв. Далай багш маргааш 20:30 цагт Улаанбаатар хотноо Чингис хаан нисэх буудалд газардана. Харин Бямба гарагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж мэндчилгээ дэвшүүлэх бол ням гарагт Уланбаатар паласт сүсэгтэн олонд зориулж ном айлдахаар төлөвлөжээ. Энэ удаад нэн ховордсон, нарийн нандин номуудыг айлдах гэнэ. Тухайлбал, Богд ламын ван, Жигжидийн цэван, Насны абшиг зэрэг ном айлдах юм байна.

Далай багшийн ес дэх удаагийн номын айлчлалын үеэр буюу 11 дүгээр сарын 21-ний Даваа гарагт Дээрхийн гэгээнд ХААИС-ийн хүндэт доктор цолыг гардуулах юм байна. Мөн “Шинжлэх ухаан ба бурхны сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцох аж.

Дээрхийн гэгээнтэн өдгөө 80 насыг зооглож байгаа бөгөөд лагшин чилээрхэх магадлалтай тул айлчлалын хөтөлбөрт өөрчлөлт орохыг үгүйсгэсэнгүй. Хөтөлбөр номын, шинжлэх ухааны, оюутан залуустай хийх уулзалтын гэсэн ерөнхий байдлаар ирсэн гэдгийг онцолж байлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ