Ө.Энхболор: 5 сар фитнессээр, 1 сар повер йогоор хичээллэх хоёр тэнцдэг

Асури Повер Йогийн Үүсгэн байгуулагч Ө.Энхболортой ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Повер йогийн төрөл монголд ганц байдаг нь танайх гэж сонслоо. Бусад нь ямар йог хичээллүүлдэг юм бэ? Энэ йогийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Энэ урсгал нь хамгийн сүүлд дэлгэрсэн төрөл. Хүчний дасгал ордогоороо онцлогтой. Мөн жин хасах, уян хатан болох, нурууны элдэв эмгэгийг эмчлэх зэрэг үр дүнг асар богино хугацаанд харуулж чаддаг. Бусад урсгалууд уламжлалт төрлөөр буюу ихэвчлэн тэнцвэр, бясалгал гэх мэт хичээл ордог юм билээ.

-Танай хичээлийн хөтөлбөр хэрхэн явагддаг вэ?

-Манай дасгалууд хүний бүх эрхтэн, үе мөч, яс, булчинд үйлчилдэгээрээ давуу талтай. Дасгалуудыг би өөрөө хоёр сарын турш судалж, бэлтгэж гаргасан. Нэг үгээр цэвэр миний өөрийн хөтөлбөр гэсэн үг. Ингээд эцэст нь 1 курсийг 10 өдрөөр товолж, энэ хугацаанд боломжит үр дүнд хүрч болохыг тогтоосон юм. Онцлоход, энэ хугацаанд хичээлээ таслалгүй явахад үр дүнгүй нэг ч тохиолдол гарч байгаагүй. Үүнд хувь хүний өөрийн хичээл зүтгэл маш чухал үүрэгтэй.

-Танайх хэдэн салбартай вэ? Йогийн багш бэлтгэх сургалт байдаг уу?

-Манайх Улаанбаатарт үндсэн 3 салбартай. Эрдэнэтэд салбараа нээгээд ажиллуулж байгаа. Онцолж хэлэхэд повер йог Эрдэнэтчүүдэд нэлээд таалагдсан. Биднийг маш таатай хүлээж авсан. Уг нь бид түр салбар нээсэн юм. Харин одоо иргэдийнхээ хүсэлтээр салбараа байнгын үйл ажиллагаатай хичээллүүлэх болсон. Йогийн багш бэлтгэх албан ёсны сургалт байхгүй. Гэхдээ манай салбарын багш нар бүгд миний шавь. Өөрөөр хэлбэл, би багш нараа өөр дээрээ үнэ төлбөргүй бэлтгэн сургаж, ажиллуулдаг юм. Цөөн тоогоор ч гэсэн ажлын орон тоо бий болгож байгаа гэж боддог шүү /сурв. инээв/. Бас төсөвт хувь нэмрээ оруулж, тогтмол татвараа төлдөг албан ёсны үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллага юм.

-Хувийн чанартай асуулт асууя. Сэтгүүлч Х.Уламбаяртай нэр холбогдсон байсан. Та гэр бүлтэй юу?

-Уламаа бид 2 олон жил найзалж байгаа сайн найзууд шүү дээ. Арга ч үгүй биз, ажлаа амжуулах гээд хаа ч явсан цуг явдаг болохоор тэгж бичсэн байх. Ер нь хамт явсан болгоныг холбоо сүлбээтэй гэж бичдэг нь манайхны гэм биш зан болсон юм шиг ээ, би ч тоодоггүй юм өө.

Миний хувьд гэр бүлтэй. Цаг наргүй ажлыг минь маш сайн ойлгож, арыг минь сайн дааж явдаг ханьтай хүн дээ би. Энд бас ээжийгээ дурдалгүй өнгөрч болохгүй. Арын ажилд бас хамгийн их нэмэр болдог хүн бол ээж минь. Тэднийхээ хүчинд би ажлаа тайван хийж, бусдын төлөө хөдөлмөрлөх цаг гаргаж чадаж байгаа юм шүү дээ.

-Уншигчдад сонин байж магадгүй. Йогоор хичээллэхэд ямар нэгэн хориглох заалт бий юу?

-Эмчийн хяналтанд байдаг, хагалгаанд ороод удаагүй хүмүүс хичээллэхийг хориглодог. Учир нь повер йог нь биед маш их ачаалал өгдөг болохоор дээрх хүмүүст эрсдэлтэй. Сонирхуулахад, манайд 8 настай хүүхэд ч, 70 гарсан эгч нар, эрэгтэйчүүд гээд нас, хүйс харгалзахгүй хичээллэдэг. Эрэгтэйчүүдийн хувьд йог гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүд турж, галбиржихын тулд хичээллэдэг гэсэн туйлширсан ойлголт байдаг. Энэ ойлголтыг халах цаг болсон. Тиймээс ч манайд олон эрэгтэйчүүд хичээллэж, үр дүнгээ үзэж байгаа.

-Йог нь фитнессээс ямар давуу болон дутагдалтай талтай вэ?

-Олон давуу талууд бий. Тухайлбал, олон цагаар гүйж харайж, хүнд юм өргөх шаардлагагүй. Фитнесс нь зарим нурууны суулттай, бөөрний өвчтэй хүнд тохиромжгүй. Тэгвэл йог энэ бүх асуудлыг шийдэж чаддаг. Түүнчлэн нийгмийн хэмжээнд элбэг тохиолддог суугаа ажилтай хүмүүст өндөр үр дүнтэй. Тодруулбал, хуян хөөрөх, толгой өвдөх, нурууны элдэв зовиур зэргийг бүрэн анагаах увидастай. Эхний 10 өдөрт л эдгээр зовиурууд арилдаг гээд бодохоор ямар давуу чанартайг нь харж болно. Харин дутагдалтай талын хувьд надад хэлэх зүйл алга. Учир нь тийм зүйл байхгүй. Таван сар фитнессээр хичээллэх, 1 сар буюу гурван курс манай йогоор хичээллэхийн үр дүн тэнцдэг гэдгийг ам бардам хэлж чадна. Энэ нь цаг хугацааг ч хэмнэх давуу тал юм шүү дээ. Мөн эргээд жин нэмэх тохиолдол байдаггүй.

-Хэрэв танай йогийн сонгон хичээллэх хүсэлтэй хүн байвал хаана яаж хандах вэ?

-ASURI POWER YOGA пэйж хуудсанд манай дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Энд хаяг, байршил, хичээлийн бодит үр дүн, холбогдох утасны дугаар гэх мэт мэдээлэл бүгд бий. Надтай холбогдохыг хүсвэл 91055567 дугаарт хандаж болно.

-Сонирхолтой мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

-Энэ дашрамд, уншигчдад хандаж эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр цаг зав гаргах хэрэгтэй гэдгийг зөвлөе. Эрүүл биед саруул ухаан оршино. Баярлалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ