Тамхины хууль зөрчсөн иргэдийг торгожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжил арга зүйн тасаг, Баянзүрх дүүргийн прокурор, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэстэйхамтран дүүргийнхээ нутаг дэвсгэрт Тамхины тухай хууль болон бусад хуулиудын хэрэгжилтийг шалгажээ. Шалгалтыг Сансарын үйлчилгээний төв, Баянцээлийн гудамж дагуу байрлах архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке, ресторануудад явуулсан байна.Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Баян цээл”, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Сансрын "тунел”-ын үйлчилгээний төвийн орчинд архи, согтууруулах ундааг худалдан борлуулж, үйлчилгээ явуулдаг цэгүүд олноор төвлөрсөн байдгаас шалтгаалан гэмт хэрэг, зөрчлийн гаралт бусад хороодтой харьцуулбал их байдаг, анхаарал татсан орчин юм.

Уг шалгалтаар тамхины хяналтын тухай хуульзөрчсөн зургаан иргэнийг 300.000 төгрөгөөр, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн дөрвөн аж ахуйн нэгж байгууллагыг 800.000 мянган төгрөгөөр торгожээ. Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн баарны үйл ажиллагааг зогсоож, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг зөрчлүүд илрүүлжээ.

Түүнчлэн Захиргааны хяналтын тухай хууль зөрчсөн таван иргэнийг 100.000 төгрөгөөр захиргааны арга хэмжээ авч, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад арван мэдэгдэл хүргүүлсэн байна.

"Монголын хууль гурав хоног" гэдэгчлэн тамхины тухай хуулийн хэрэгжилт нэлээд суларсан. Ялангуяа гудамж талбайд, хориглосон байршлуудад тамхи татах явдал эргээд газар аваад байв. Бараг энэ хуулийг мартах шахсан энэ үед дээрх шалгалтыг хийсэн нь цаг үеэ олсон, иргэдэд цочроо өгсөн чухал ач холбогдолтой ажил боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ