“Энэ жилийн наадмаар би босоо түрүүлнэ”

Булган аймгийн Бү­рэг­­хангай сумын уугуул Монгол Улсын заан М.Өсөхбаярын бэлтгэл энэ жил гойд байна. Яа­хав, олимпийн аварга Н.Түвшинбаярын асраг­чаар Америкт нэг сар ажилласан учир цагаан сараар зодог­лоогүй л дээ. Гэхдээ тэр ява­хынхаа өмнө буюу арван­хоёр­дугаар сарын 29-нд бол­сон Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн ивээл дор болдог "Тусгаар тогт­нолын барил­даан"-д тү­вэг­гүй түрүүлчи­хээд яв­чих­сан юм. Толгой, цээж хоёр нь савлаад ирвэл торохгүй дээ Өсөхөө гэсэн түмэн олны яриаг баталсан л даа. Америк явж ирээд тэр­бээр аюул­тай мундаг бэлтгэл хийж өнөөдрийн байдлаар форм­доо ороод байна. Тэр яг Мөөеө аварга шиг тооцоо хийсэн. Тооцоо судалгаан­даа амаргүй эр. Түүний энэ жилийн наадмын ерөнхий тоо­цоо ийм. Өмнөх жилүү­дийг бодвол энэ жилийн наадмын дөрвийн даваа­ны нугалаас их суларсан гэнэ. Өнгөрсөн жилийнх шиг П.Бүрэнтөгс, Б.Сугаржаргал нар шиг яаж ч мэдэх, яралзсан аймгийн арслангууд нугалаасаар таа­раад Г.Өсөхбаяр, С.Мөнхбат аваргуудыг тэнгэр харуулсан шиг аюул нүүрлэхгүй гэнэ. Хэнтий аймгийн арслан Оюун­болд нарын ганц нэг даага шүдлэнгүүдийг эс тооцвол шүү гэж.

Тавын даваанд тэр арай ч тунахгүй ам авах юм шиг байна гэнэ. Ам авахад араг­шаа зулрах юм байхгүй. Мэ­дээж шинэ цол хүртсэнүүдийг нь аварга, арслан, гарьд цолтнууд хүртчихнээ. Тийм болохоор улсын начин Б.Сан­гисүрэн, Б.Батмөнх, Б.Гончигдамба, Р.Пү­рэв­даг­ва, Б.Пүрэвсайхан, Ш.Жар­галсайхан, дээш ахивал ул­сын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ө.Бат-Орших нараас амлах аж. Энэ даваанд би Ө.Бат-Орших харцагатай таван ми­нутын барилдаан хийнэ гэж бодож байгаа. Эсвэл Р.Пү­рэвдагватай жаахан барил­даан үзүүлнэ. Бусад­тай нь бол үзэгчдээ чилээхгүй ээ, бариа зөрөөн дээр юм болно гэх зэргээр улсын заан М.Өсөхбаяр тооцжээ.

Зургаагийн даваанд на­майг амлавал ч амлаг. Он­жаваа авья гээд С.Мөнхбат аварга хүрээд ирвэл мөн­дийлгөөд тавих юмаа би өдөр бүр бэлтгэж байна. За тэгээд, арслан Х.Мөнхбаатар, Г.Эр­хэмбаяр, Д.Бүрэнтөгс, "өн­дөр" Ганбаа (улсын гарьд Н.Ганбаатар), Д.Рагчаа, Ж.Бат-Эрдэнийн алинд ч намайг амлах эрх бий. Даваа өгсөх тусам барилдааныг хурдан дуусгах төлөвлөгөө­тэй байгаа аж. Илүү цолт­нуудтай барилдах миний ар­га бол илүү төвлөрч барилдах тухай л асуудал гэж тэр хэл­лээ. Магадгүй энэ даваанд надад тунах тооцоо бас бий. Тунаж гэмээнэ Ч.Санжаа­дамба, Б.Соронзонболд, Т.Санчир, магадгүй гарьд Ж.Бат-Эрдэнэ гээд байна. Ч.Санжаадамбатай урьд нь хэрхэн барилдаж байсан тооцоо судалгаагаа харвал би тун цөөхөн унасан, бараг унаагүй юм. Миний хувьд Ч.Санжаадамба зааны гол ясны бярнаас дайжих ба­рилдааныг байнга хийж ир­сэн. Энэ удаад ч ийм л так­тикийн барилдаан бид хоё­рын дунд болно. Таван ми­нутын барилдаан, магадгүй түүнээс хурдан барилдаан болох болов уу. Би туг тойрно гэжээ.

Ингээд л долоогийн да­ваанд ирэхэд найман бөх үлдсэн байх юм. Энэ жил Х.Мөнхбаатарыг сайн байгаа гэж харж байгаа. Түүний цээж­тэй тулж барилдаан хий­нэ гэдэг тэнэг хэрэг. Мэдээж тэр цээжээрээ л түрнэ. Над­тай барилдахдаа цээжиндээ хүчээ төвлөрүүлбэл би баяр­лана. Тэгэхгүй юмаа гэхэд арагш нь унагах арга төлөв­лөгөө байна. Барилдаан най­ман минут үргэлжилж мэднэ шүү... гэх мэтээр долууланд нь бэлдсэн зүйлээ ярилтай биш дээ, үзэгч түмэндээ хэлэхэд дээрх долоон бөх шөвгийн наймд үлдэж гэмээнэ намайг тогтоох аавын хүү алин ч биш гэдгийг шулуухан хэлье гэх юм.

Наймын даваанд намайг хэн амлана гэж та бодож байна. Сая хэлсэн хэн нь ч байсан намайг торгоохгүй. Би энэ жил зөвхөн есийн давааг харж байна. Есийн давааг бодож байна. Тэр өдөр хур­дан ирээсэй. Өдөр бүрийн бэлтгэлээ, барилдаанаа би зөвхөн тэр өдрийг сэтгэлдээ харж хийж байна.

Ийм хэмжээний зүйлийг ярих ааг омог түүнд бий. Энэ жилийн улсын наадамд түрүүлэх шалтаг, шалтгаан ч бий. М.Өсөхбаяр заан бол салхитай бөх. Сэтгэл зүйн бяр нь бие мах бодь, барилдах ур ухаанд нь нэвчиж яралзсан барилдаан гаргадаг. Үүгээ­рээ үзэгчдийг үнэнхүү баяс­гаж, хөөрлийг нь дээд цэгт нь хүргэж, жижиг А.Сүхбатын дараахь гэмээр үзэмж төгс бөх билээ. Тийм болохоор тэр наадам болохоос 25 хоно­гийн өмнө "Энэ жилийн наад­маар би босоо түрүүлнэ" гэд­гээ ард түмэнд зарлав. Олон нийтийн мэдээллийн хэрэгс­лээр зарлан тунхаглаж, олон түмнийг хуйлруул, төв цэн­гэлдэх зөвхөн түүний барил­дахыг харах гэж пиг дүүрэх ёстой юм гэж. Ийм итгэл найд­вар түүнд байгааг миний бие түүнд хоёр жилийн өмнөөс буюу тодорхой хэлбэл, Өвөр­хангай аймгийн 80 жилийн ойн наадмаас буцаж явахдаа "Элсэн тасархай"-д хэлсэн юм. Тэр бодъё гэсэн. Бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, ингэж салхилж барилдах бөх өөрөөс чинь өөр байхгүй гэдгийг нь хэлсэн. Өөдөөс харин "Та наад санаагаа Санжаадамбад хэлж үзсэн үү" гэж уур хүргэсэн удаатай. Би түүнд хэлсэн, "Монгол бөхийн оноо дансанд чиний хэрийн заан цолтнууд ол­ноор мөнхөрч үлдсэн. Чи тэдний нэг байх хэрэггүй, тод сайхнаар бөхийн түүхэнд үлдэх ёстой. Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр нь монгол бөхийн түүхэнд анх удаа "Би энэ жилийн улсын наадмаар түрүүлнэ" гэж ард түмэнд зарлаж ба­рилдсан бөх юм гэж үлдэх ёстой гэж. Тэр харин "Би тэгээд уначих­вал яах юм" гэж байсан. "Унах унахгүй хамаа­гүй. Дэлхийн спорт өөрөө ийм л аархал дээр тогтож бай­даг. Үзэгчдийг байл­дан дагуулж байдаг.Монголын спортод л ийм юм алга. Бүр үгүйлэгдээд байгаа юм" гэхчилэн ярилцаж бид хоёр санал бодлоо солилц­сон билээ. Тэр сүүлд надтай уулзахдаа "Нээрэн ч тэгж зарлахад өнөөдүүл чинь ба­рилдахаар гарч ирэхдээ со­нин царайлах байх шүү" гэж шийдсэн шинжтэй уулз­сан. Тэр хэрээр бэлтгэл сургуу­лилтаа эрчимжүүлсэн гэж бодож байна. Ингэж гэмээнэ тэрбээр энэ сарын 15-ны өглөө хэвлэлийн бага хурал зарлаж "Би энэ жилийн наад­маар босоо түрүүлнэ" гэдгээ хэлэх ёстой юм. Хэ­лэхдээ эхэнд хэлсэн (магад­гүй түү­нээс хойш тооцоо нь өөрч­лөгдсөн байх.сурв) тоо­цоогоо хэлж "С.Мөнхбат авар­га маань өнгөрсөн жилийнх шиг дор даваанд уначихгүй бол намайг амлаач гэж би түүнээс гуйна. Бүр олны нүдэн дээр очиж гуйна. Гуйж амлуулж байгаад гуядаж хаяна даа, аваргыг" гэдгээ хэлж наадмын шуугианыг эхлүүлэх ёстой юм, залуу заан маань. Ингэж итгэж най­даж, ирлэж хурц­алсан учраас түүний энэ жилийн наадмын давааны тооцоог эхэнд хүргэсэн билээ.

Ингэж ам гарсан М.Өсө­хөө заан дээр даваанд өвдөг шороодог л дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд л болно биз. Түүнийг шоолох хэн байгаа юм. Ингэж хэлж чадсан эр зориг нь өөрөө Монгол үндэс­ний бөхийн гайхамшиг юм. Өсөхөөгөөс өөр тэгээд хэн гэдэг аавын хүү ингэж хэлж чадсан юм. Үүгээрээ л үнэ цэнтэй. Түүгээр бахархах ёстой.

Наадмын өмнөх шуугиа­наараа нэгэнт олны анхаар­лын төвд нэвт орсон юм чинь дараагийн алхмаа тэр хийх хэрэгтэй. Зарим бөх шиг Ерөн­хийлөгчид нэр дэвших­гүй юмаа гэхэд ИТХ-д нэр дэвших боломж байна. Гэх­дээ тэр ийм юм хийхгүй л дээ. Өөр юм сэдэж олохоо мэдэж байна лээ. Одоо энэ эх орны маань зах зээлд байр сууриа олж, үйлчлүүлэгчтэй болох гэж үзэж тарж байгаа дэлхийн брэндүүд, эсвэл үйлчилгээ­ний газруудын лого эмбле­мийг далбааныхаа ард хадаж болж байна гэж байгаа. Мал­гайныхаа хавьд мандуулж болж байна гэсэн. Унасан ч түрүүлсэн ч бай наадмын маргааш өгөх томоохон ярилцлага нь олон түмний анхаарлыг татна гэдгийг бас тэр тооцсон. Нэг хэсэг нь энэ ам бардам нөхөр юу ярихнав гэж сонирхож уншина, харна. Харин нөгөө хэсэг нь түүнийг бахархаж бахдаж уншина. Тэр бүхнээ реклам суртал­чилгааны алтан агшин бол­гоно.

Сонин хэвлэлд бол ярилцлагын голд суртал­чил­гаа тавьж болно. Телевизээр ярилцлагынхаа дундуур гу­чин секундийг нь гучин саяар үнэлж болно. Гоё үг хэллэг босгож болж байна. Хамгийн сүүлд манай Ерөнхийлөгчийн ажил хийхгүй гүлдийгээд байх юм гэдгийн "Гүлдийгээд" гэдэг үг моодонд орсон шүү дээ. Түүн шиг Өсөхөөгийн "Босоо түрүүлнэ" гэсэн үг брэнд болж болно. Энэ үгээ эртээ патент­жуулаад өөрийн болгох хэрэг­тэй. Ийм ийм юмнуудыг л цааш цааш нь олж харах хэрэгтэйг эртээ тэр тооцоол­сон байх. Ийм эрчимлэг сэт­гэлгээ, эрсдлээс айдаггүй чанар, эдийн засгийн тооцоо, дэлхийн спортын үнэт зүйл­сийг энэ залуугаас би харж байна.

Ингэж чадаж гэмээнэ Монголын их спортод биш юмаа гэхэд монгол бөхөд лав их тэсрэлт, их цочрол, хөгж­лийн нэгэн шинэ үеийг эх­лүүлсэн хэрэг болно гэдэгт эргэлзэх юм алга. Ингэлээ гээд хууль зөрчсөн юм байна уу, нийгмийг үймүүлсэн ханд­лага байна уу, худал хуурмаг, хулгай зэлгийн үнэр байна уу. Байхгүй байгаа биз. Байхгүй болохоор бай шагнал, боо­цооны асуудал босч ирнэ. Амласандаа хүрэхгүй байна гэдэг эр хүний араншин биш гэдгийг монголчууд мэднэ. Ач тач үзэлцээн монгол бөхөд тогтоно. Шударга өрсөлдөө­ний зарчим тогтоно. Үр дүн нь том бооцоо, том бай шагнал, маш олон үзэгч... энэ л төлөв­шил. Цааш Цагаан сарын барилдаан, бусад томоохон барилдаан бүрийн өмнө ийм л шуугиан болж байх ёстой. Энэ эхлэлийг залуу заан М.Өсөхбаяр тавих болой.

Монгол наадам хаяанд ирлээ. Харах бөхтэй, ярих сэдэвтэй сайхан наадмыг монголчууд үзмээр байна. Энэ бүхний сайхан эхлэлийг улсын заан М.Өсөхбаяр тавих буйзаа.

www.dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ