Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуулалтаас хувь нэхсэн хүмүүсийн сураг гарч эхэллээ

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын бүлэг албан тушаалтан улсадих хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэг сөхөгдлөө. Тэд ямар аргаар хичнээн төгрөгийг хувьдаа хэрхэн завшсаныг эрэн сурвалжиллаа.
"Монгол-93" шатахуун үйлдвэрлэж байгаа "Пейтрочайна дачин тамсаг" компани Монгол Улсын Засгийн газартай "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд арваад жилийн нүүр үзлээ. Энэ гэрээний дагуу тус компани Дорнод аймгийн нутаг дэвсгэр болох Мэнэнгийн талд газрын тос олборлож байгаа. Газрын тос олборлох дэлхийн арван том компанийн нэг "Пейтрочайна дачин тамсаг" нь 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай компани юм. Засгийн газартай хийсэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг авдаг. Харин манайд үлдсэн 24 хувь нь оногддог. Гэтэл энэ хувиас Газрын тосны газрын хэсэг нөхдүүд хувьдаа завшиж байсан аж.
Д.АМАРСАЙХАН АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙХ ГЭХЭЭР ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛДАГ БАЙСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ АЖ
"Пейтрочайна дачин тамсаг" компани Мэнэнгийн талд олон цооногоос газрын тос олборлодог. Тэгтэл Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын хамсаатнууд нь "Пейтрочайна дачин тамсаг"-ийн хоёрхон талбайгаас олборлосон газрын тосны орлогоос асар их хэмжээний мөнгө угаасан баримт байна. Тэр нь "Тосон уул 19", "Тамсаг 21" талбай аж. "Тосон уул 19"-ийн хувьд газрын тос нь олгойдож байдаг талбай. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат уг цооногийн нээлтэд очиж, цагаан дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан түүхтэй. Тийм нь л баялаг нөөцтэй газар юм.
Д.Амарсайханыг Газрын тосны газрын дарга байх үед дээрх хоёр талбайн орлогын 76 хувь нь Хятадын талд харин 23 хувь нь Монголын талд очдог байж. Угтаа Монгол Улсад 24 хувь нь ирэх ёстой. Гэтэл хариуцсан байгууллагын удирдлагууд нэг хувийг нь хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байх юм. Энэ мөнгөн дүнг нэгэн аудитын компани шалгаж, тогтоожээ. Аудитын байгууллага нь Газрын тосны газар болон "Пейтрочайна дачин тамсаг" компанид 2005-2012 оныг хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олбоорлосон тосны хэмжээ, борлуулалтын дүн, хасагдах зардал, талуудад ногдсон орлого зэргийн мэдээг хүснэгтээр албан тоотоор гаргуулж авчээ. Тэгтэл хоёр байгууллагаас өгсөн тоон мэдээнүүд хоорондоо нэлээд зөрүүтэй дүн гарсан байна. "Пейтрочайна дачин тасаг" компаниас өгсөн мэдээнээс Газрын тосны газрын ирүүлсэн дүн 417.026 баррель буюу 40.522.976 сая ам.доллараар дутуу байжээ. Тухайн үед дээрх хоёр байгууллагад хөндлөнгийн шалгалт оруулах гэхээр Д.Амарсайхан цээжээрээ хамгаалдаг байсныг Газрын тосны газарт тухайн цаг үед ажиллаж байсан эх сурвалж дуулгав. "Засгийн газартай гэрээтэй компанид хэн дуртай нь шалгалт хийдэггүй юм" гэхчилэн аудитын шалгалт хийх гэхээр эрс эсэргүүцдэг байсан гэнэ. Өөрийнх нь мөнгө угааж буй "но" илэрчих вий гэсэндээ хөндлөнгийн шалгалт оруулахаас ийнхүү татгалздаг байсан ажээ.
ТЭР ИХ МӨНГИЙГ ХУВЬЦААНЫ ХУВЬ НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШСАН УУ?
"Пейтрочайна дачин тамсаг" компаниас Хонконг дахь Шанхай банкны 12 орон бүхий тоот данс руу "SunWang" гэх компанийн нэр дээр хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлдэг байсан байх юм. 2011 оны эхний найман сарын байдлаар л гэхэд "SunWang" компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжсэн байна. Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар Хонконгийн Шанхай банк руу оржээ. Ийнхүү "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу "Пейтрочайна дачин тамсаг" компанийн Тосон уул 19, Тамсаг 21 талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонконг руу явдаг байжээ.
Хонконг бол худалдааны чөлөөт бүс. Тэр утгаараа Д.Амарсайхан нар тэнд компани байгуулан татварын дарамтгүй мөнгө угаах бүрэн боломж бүрдсэн бололтой. Тиймээс гадаадын банкинд данс нээлгэн мөнгө гүйлгэж, улсын мөнгийг хувьдаа завшиж байсан байх юм.
Аудитын шалгалтаар Хятадын талын "Пейтрочайна дачин тамсаг" компани гэрээнийхээ дагуу ямар нэгэн асуудалгүй, үүргээ гүйцэтгэн ажиллаж байхад монголчууд маань өөрсдөөсөө идэж ууж байсан нь харамсалтай. Дээрх хэргийг Д.Амарсайхан дангаараа үйлдээгүй нь мэдээж. Түүний хөлд Газрын тосны газрын нягтлан гээд хэд хэдэн хүн чирэгдэх бололтой.
СОЛОНГОСООС ОРУУЛЖ ИРЭХ ШАТАХУУНЫ БОРЛУУЛАЛТААС ХЭН ХУВЬ НЭХЭВ?
Манай улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хараат гэхэд болно. Хямд төсөр шатахуун оруулж ирэх хоёрдогч улстай түншийн гэрээ байгуулах асуудал нэг хэсэг яригдсан. Тэр нь БНСУ байлаа. Солонгосын талаас манайхыг хямд шатахуунаар хангая гэх саналын хариуд салбарын тодорхой нэр бүхий албан тушаалтан хувь нэхсэн тухай мэдээлэл бий. Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуулалтаас хэдэн хувийн ашиг өгчих хэмээн шантаажилсан тэдгээр нөхдүүдийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдэнтээ мэдэгдэж байв. Хоёр улсын хэрэгт хошуу дүрэн хувь хүртэх гэж айлын талыг шантаажилсан нөхдүүд Газрын тосны экс дарга Д.Амарсайхан нарын хүмүүсийн байсан гэх сураг дуулдав.
Манай улсад хямд шатахуун оруулж ирэх асуудалд Солонгосын талын хоёр компани өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байсан. Тэд Монголд шатахуун нийлүүлэх гэхээр хариуцсан салбарын тодорхой албан тушаалтнууд мөнгө нэхэж байна гэж гомдоллосон байдаг. Энэ хэрэгт Газрын тосны газрын Борлуулалт хариуцсан албаны дарга Бадарчийн нэр нэг хэсэг дуулдсан. Тагнуулын ерөнхий газар уг хэргийг шалгажбайгаа талаар урьд нь бид мэдээлж байсан. Харин хэргийн эзнээр Д.Амарсайханы сураг гарлаа. Энэ хэргийн эргэн тойрондохыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз ээ.
Татвар төлөгч бидний мөнгийг ил цагаан иддэг байсан нөхдүүдийн хэрэг ар араасаа ийнхүү илчлэгдэж байна. МАН-ыг Засгийн эрх барьж байх үед салбар болгонд айхавтар мөнгөний мангас байсныг хэн ч "мэддэггүй" байж. Хөшигний ард явагддаг тэдний мөнгө угаах луйвар нь хэрээс хэтэрч, ханаж цадахаа мэдэхгүй ард түмнээ мөлждөг байсан нь одоо илэрч байгаа. Идсэн уусан хэргээсээ эмээж, хил дамнан зугтах эрхмүүд ч цөөнгүй. Төрийн ажил хийж байсан хэд хэдэн хүний нэрс Интерполд бий. Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайханыг тун удахгүй Интерполоор эрэн сурвалжлах бололтой. Учир нь тэрээр хилээр гарсан бөгөөд одоо болтол хаана байгаа нь тодорхойгүй байна. Түүнтэй холбоотой хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Д.Амарсайхан нарын хэргийг оны өмнөөс шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
М.МӨНХЦЭЦЭГ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ