17 центээр цэвэр агаар амьсгалахыг санал болгожээ

Хятадын утаанд шаналж буй оршин суугчдад 17 центээр Шинэ Зеландын цэвэр агаар нэг удаа амьсгалахыг санал болгожээ. “The South China Morning Post” сонинд ингэж бичсэн байна.

“Гараар савлаж, хүчилтөрөгчөөр баяжуулсан цэвэр, ариутгасан” Шинэ Зеландын агаарыг 7,7 литрийн хэмжээтэй саваар худалдаж байгаа бөгөөд 219 юанийн (30 гаруй ам.доллар) үнэтэй гэнэ. Нэг сав ийм агаарыг 180 удаа амьсгалах боломжтой хэмээн худалдагчид нотолж байна. Бас 108 юань (16 ам.доллар), 5 юаниар (0,7 ам.доллар) Канадын агаарыг санал болгодог аж.

Хамгийн их утаатай хотуудад (жишээ нь Бээжинд) суудаг оршин суугчдад хямдрал үзүүлэхээр заажээ. Энэ шинэ санааг тэр бүр хүн сайшаахгүй байна. “Ийм агаараар амьсгалж үзлээ, их ялгааг мэдэрсэнгүй” гэж нийгмийн сүлжээний нэг хэрэглэгч сэтгэгдлээ хуваалцжээ.

БНХАУ-д экологийн байдал тун ч таагүй байдаг юм. Үйлдвэрийн газруудын утаа агаарт их хэмжээгээр цацагддагаас болоод олон үйлдвэр ажилладаг хотуудын тэнгэр байнгын утаатай байдаг байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Бээжингийн эрх баригчид экологийн аюулын хамгийн дээд буюу улаан түвшин зарлаж байсан юм. Харин тэгэхэд эрүүл мэндэд аюултай агаар дахь хатуу бөөмсийн агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрдөг хэмжээнээс 20 дахин их байсныг Бээжингийн экологийн хяналтын төв мэдээлж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ