Трамп АНУ-ын шинэ ТНБД-д нэр дэвшигчийг зарлав

Рекс Тиллерсон
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп “ExxonMobil” компанийн тэргүүн Рекс Тиллерсоныг шинэ төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлжээ. Ройтерс агентлаг улс төрөгчийн мэдэгдлийг иш татан ингэж мэдээлсэн байна.
“Тэр америкийн эрх ашгийг эрч хүчтэй, яв цав хамгаалсан хүн байх болно. Гадаад бодлого буруу замаар явж, улмаар Америкийн аюулгүй байдал болон олон улсын тавцан дахь түүний үүргийг сулруулсан он жилүүдийн алдааг засч залруулж чадна” гэж АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч мэдэгджээ.
Трампын багийн гишүүн хуучин төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, Кондолиза Райс, түүнчлэн Пентагоны тэргүүн асан Роберт Гейтс нарын зөвлөмжийг хүлээн авсан гэдгийг Трамп бас тодруулан тайлбарлажээ.
Тиллерсон дээд сургууль төгсмөгцөө “ExxonMobil” компанид ирж, жирийн инженерээс корпорацын тэргүүн хүртэлх бүх албан тушаалыг хашжээ. Тэрээр оросын “Роснефть” компанитай идэвхитэй ажилладгаар нэрд гарсан бөгөөд зарим мэдээгээр Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд хэлэлцээ хийж байсан нь хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулахад тус дөхөм үзүүлжээ (тухайлбал, оросын Арктикийн эх газрын үргэлжлэлд өрөмдлөг хийх төсөл). Түүнийг Оросын Ард түмний найрамдлын одонгоор шагнасан юм. Тиллерсон Оросын эсрэг хориг арга хэмжээг үр нөлөөтэй хэрэгсэл хэмээн үздэггүй бөгөөд америкийн гадаад бодлогын дарамт шахалт үзүүлэх арга хэмжээний үүргийг багасгахыг зорьдог байна.
Тиллерсоныг нэр дэвшүүлснийг сенат батлах учиртай. Зарим хууль тогтоогчийн хэлж байгаагаар, энэ үйл явц амаргүй байх бөгөөд учир нь түүний “Оростой тогтоосон харилцаанд” тэднээс олон хүн сэтгэл зовниж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ