Алеппод байлдааны ажиллагаа зогссоныг хүлээн зөвшөөрөв

Сирийн Алеппо хотыг буудаж, бөмбөгдөх нь зогсож, харин хүмүүсийг хотоос гаргаж эхэлснийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хүлээн зөвшөөрөв. Ингэхдээ Сирид дайн зогсоогүй гэж үзэж байгаагаа тэрээр илэрхийлснийг зарим хэвлэлд дурдсан байна.
“Тодорхой хугацааны туршид бөмбөгдөж, буудахгүй байгаа нь илт байна. Гал зогсоох горим үргэлжилж болох юм” гэж Керри тэмдэглэжээ. Цаашид гал зогсоох горимыг хангах шаардлагатай. Энэ нөхцөлд “засгийн газрын хүчин, холбоотнууд болон Алеппод байлдаж байгаа бусад талын аль аль нь дайралт хийхээс татгалзах ёстой” гэж түүний хэлснийг Интерфакс агентлаг уламжилсан байна.
Хүмүүнлэгийн байгууллагуудад бүрэн боломж олгож, хотоос гарч явахыг хүсч байгаа “энгийн оршин суугчид болон сөрөг хүчний дайчдыг” нүүлгэх шаардлагатай гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
“Дайныг зогсоож, засгийн эрхийг илүү өргөн төлөөлөлтэй засгийн газарт шилжүүлэхэд” чиглэсэн бөгөөд сиричүүдийн өөрсдийнх нь тэргүүлсэн үйл явцыг эхлүүлэх нь чухал гэж Керри хэлсэн байна. “Ингэхгүй бол сөрөг хүчин цаашид тулалдаж, террористууд тус оронд орж ирэх болно” гэж төрийн нарийн бичгийн дарга дурджээ.
Сирийн арми давшилт хийснээр террористуудын хяналтад байсан Алеппо хотын хорооллуудаас тэднийг түрэн гаргасан нь 12 дугаар сарын 15-нд буюу өчигдөр тодорхой болсон байна. Оросын жанжин штабын мэдээлснээр, 900 гаруй террорист, олон арван нэгж хүнд зэвсэглэл, байлдааны техник устгаж, 3000 гаруй террорист Алеппо хотоос сайн дураараа гарч, тэдний талд нь өршөөл үзүүлжээ.
Алеппо бол Сирийн томоохон хотуудын нэг юм. 2012 онд исламын болон босогчдын янз бүрийн бүлэглэл хотын зүүн хэсгийг эзэлж, харин баруун хэсэг нь сирийн армийн хяналтад үлдсэн юм. Ийнхүү 2016 оны 12 дугаар сарын дундуур сирийн цэрэг хотыг бүхэлд нь авчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ