Путин дахиад хамгийн нөлөө бүхий хүн болжээ

“Форбс” сэтгүүлийн гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн жил дараалан тэргүүлж байна. “Өөрийн орон, Сирид болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар оросын удирдагч хүссэндээ хүрсээр байна” гэж сэтгүүл дурджээ.
Одоогоор танилцаагүй байгаа учир “Форбс” сэтгүүлийн жагсаалтыг Кремлийн төлөөлөгч тайлбарлахаас татгалзсаныг хэвлэлд тэмдэглэсэн байна. Орос улсын төрийн тэргүүн жагсаалтад хэрхэн ханддаг тухай Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 2015 онд яриад, хэрвээ жагсаалтыг ажиглаад байх юм бол бодит ажил хийх цаг, боломж гарахгүй байх болно гэж тайлбарлаж байсан юм.
Удахгүй ажлаа өгөх АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама энэ жагсаалтын 48-д бичигджээ. 2015 онд тэр гуравт орж байсан юм.
Харин 11 дүгээр сарын сонгуулиар АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трхамп хоёрт бичигдсэн байна. Гуравт Германы канцлер Ангела Меркель оржээ. Түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэж үздэг юм.
“Форбс” сэтгүүлийн жагсаалтын дөрөвт БНХАУ-ын дарга Ши Зиньпин бичигдэж, харин тавд Ромын пап Франциска оржээ.Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди найм, харин британийн ерөнхий сайд Тереза Мэй 13-т бичигдсэн байна.
“Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтс долоо, “Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг аравт оржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ