Ногоон барилгын жишиг төслийг танилцуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2016 оны 12-р сарын 15-ны өдөр “Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт” семинарыг зохион байгууллаа.
Барилга байгууламж эдийн засгийн хувьд үр ашигтай хэмнэлттэй, ашиглалтын хугацаа урт, тав тухтай байхаас гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх зарчим нь ногоон барилгын гол шалгуур үзүүлэлт болсоор ирсэн. Дэлхий нийтийн хүлэмжийн хийн ялгаралын 39 хувийг барилгын салбар дангаараа эзэлдэг бөгөөд Монгол Улс жишиг ногоон барилгыг барьж ашиглалтад оруулснаар дунд, урт хугацаанд үр ашигтай, ухаалаг хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгоно гэж олон улсын мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 14 хувиар бууруулах зорилтод чиглэсэн алхам болох юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг бүлэг бүхэлдээ байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдэж байгаа бөгөөд зорилтын хүрээнд уламжлалт хүрэн бизнес, бизнесийн практикийг алхам алхмаар халж, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалт, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг ногооруулах боломжийг эрэлхийлж байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ