Хөгжлийн банкны асуудал хэний хүзүүг ороох вэ

Хөгжлийн банкинд хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулах Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болсон билээ. Явж явж хоёр намын дуэль хөгжлийн банкны зээлийн асуудлаар үргэлжлэх болов. Хэн нь зээл авсан, олгосон гэдэг дээрээ завсарлаж ч, хуралдаж нэг үзэж тарж байна. Ер нь муу муухай болгон шингэсэн тэсрэх бөмбөгийг АН, МАН хоёр бие биен рүүгээ чулуудаж, ард түмэн хэн дээр тэсрэхийг нь харж, хүлээж сууна. Ямартай ч Хөгжлийн банкны онцлох асуудлаар хэн хэн ямар байр суурьтай байсныг хүргэе.
28 тэрбум төгрөгийн асуудал
Ж.Батзандан: 28 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банк ХХБ-ны барьсан байшингийн 2 давхрыг худалдаж авсан байна, хулгай луйвар гарлаа гээд МАН-ынхан бахиралдаад гүйгээд байгаа. Шалгаж үзлээ. Гэтэл 28 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргасан этгээд нь хоёр жилийн өмнө Сангийн сайд байсан, одоогийн Ерөнхий сайдын ажлыг хийж байгаа Ж.Эрдэнэбат болж таарч байна.
Ж.Мөнхбат: 2015 оны зургадугаар сарын 08-ны өдрийн Хөгжлийн банкны ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, тогтоолтойгоо байна. ТУЗ-ийн гишүүн Шинэбаатар, Банзрагч, Отгочулуу, Сүх-Очир, зэрэг хүмүүс оролцоод хуралдааны шийдвэрээр 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан байгаа юм. Зарим нь дэмжээгүй юм билээ. 28 тэрбумаар худалдаж авах шийдвэр гаргах тушаалд Шинэбаатар гарын үсэг зурсан.
Б.Энхбаяр: 27 тэрбум 598 сая 81 төгрөгийн дүнтэйгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Барилгын талбай нь 3240 м.кв, В1 давхарт 10 автомашины зогсоолын хамт уг үнэлгээгээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна.
580 сая ам.долларын евро бондын зээл
Ж.Мөнхбат: 580 сая ам.долларыг Н.Алтанхуяг сайдтай Шинэчлэлийн засгийн газар зарцуулж эхэлсэн.
Ж.Энхбаяр: Анх 580 сая еврогийн бондыг МАН-ын Засгийн газар амжилттай гаргаж, маш бага хүүтэй эх үүсвэр татаад үүнээсээ 1 ч төгрөг зарцуулалгүйгээр АН-ын Засгийн газарт хүлээлгэн өгсөн байдаг.
Ж.Батзандан: Сү.Батболдын Засгийн газрын үед 580 сая ам.долларын евро бондын зээл авсан байгаа.Бонд гаргах эрхэд гарын үсэг зурсан хүн тухайн үеийн Сангийн сайд Ж.Эрдэнэбат.
С.Эрдэнэ: Бид засаг хүлээж авахдаа 4 орчим ихнаядын өр, авлагатай авсан. Наад зах нь Чалкогийн 350 сая ам.долларын нүүрсний гэрээ, Эрдэнэтийн 100 сая ам.долларын ирээдүйн татварын орлого тооцож авсан төлбөр гээд харилцан олон фактууд яриад байж болно.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай
Ж.Энхбаяр: Мэргэжлийн бус шалгалт хийгдлээ гэж АН хэлж байна. Тэгэхээр хуралдаан даргалагчаас ажлын хэсэгт ямар ямар бүрэлдэхүүн, ямар мэргэжлийн хүмүүс энэ шалгалтад орсон бэ гэдгийг гаргаж өгч, нээлттэй мэдээлмээр байна.
Шалгасан багийн бүрэлдэхүүн: Ахлагч нь ХЗДХ-ийн дэд сайд, Сангийн дэд сайд, ЗТХЯ-ны ТНБД, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монголбанкны хяналт, шалгалтын газрын захирал, тус газрын ахлах нягтлан, тус газрын ахлах хянан шалгагч, тус газрын хянан шалгагч, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, нарийн бичиг, Монголбанкны Хуулийн хэлтэс, мөн дэд ажлын хэсгүүд ажиллажээ. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.
Д.Эрдэнэбат: Энэ банкийг шалгаж үзээд дампуурч байна гэсэн дүгнэлтийг их хурлаар гарга гэдэгдаалгавраар орж ирсэн. Одоо юу болохыг хэлэх үү? Энэ банк дампуурсан учраас хувьчил, нэг бол устга гэдэг юм явна. МУ-ын активын ¼-ийг эзэмшдэг энэ улсын том банкийг ингэж үнэгүйдүүлж, муухай харагдуулах хэнд хэрэгтэй юм бэ?
Ж.Батзандан: АН мэргэжлийн байгууллагаар нь шалгуулна.
1,3 ихнаяд төгрөгийн зөрчлийн асуудал
Ж.Энхбаяр: Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй гаргасан санхүүжилтийн асуудлууд байгаа. 1,3 ихнаядаар хэмжигдэх санхүүгийн зөрчил байна. 300 сая төгрөгийн өртгөөр гэрээ хийгдсэн зам өөрчлөлт ороод 4,3 дахин өндөр өртөгтэйгээр 1,3 тэрбум төгрөг болж өссөн. 440 сая төгрөгийн гэрээтэй замын ажлыг өөрчлөөд 1 тэрбум 800 сая болгож өөрчлөөд л хийсэн. Энэ Монроуд компанийн ажил. Энэ бол АН-ын бүлгийн дарга байсан хүн. Банкны цалинг жилдээ 373 сая төгрөгөөр баталж байсан. Өнөөдөр 4 тэрбум 700 сая төгрөгийн цалин авдаг болтлоо өсгөсөн байгаа.
Л.Энх-Амгалан: 5,5 ихнаядын санхүүжилт олгосон байна. Эндээс 1,3 ихнаядын зөрчил илэрсэн байна. Нийт авсан санхүүжилтийн 60 хувийг нь МАН-ын нэр бүхий компаниуд авсан гэж АН-ынхан хэлж байна. Та нар нэгбүрчлэн шалгасан байна лээ. Энэ чинь мэргэжлийн дүгнэлт үү? Улстөржсөн дүгнэлт биш үү?
О.Батнасан: Орлого 5,6 ихнаядыг зээлсэн байгаа юм. Зарлага 5,5 ихнаядыг гаргачихсан байгаа юм. 1,3 ихнаядын зөрчил илэрсэн гээд байдаг. Тийм их ашигтай ажилласан юм уу? Баланс нь тэнцэхгүй байна.
Хөгжлийн банк: Энэ зөрчил балансын дүнтэй заавал нийцэх албагүй. 1,3 ихнаядынх нь 700 тэрбум нь ам.доллароор байршуулаагүйгээс болоод Засгийн газар эрсдэлд орж байгаа асуудал.
Б.Энхбаяр: 1,3 ихнаяд төгрөгтэй дүйх 18 асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар үргэлжлүүлж шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Б.Пүрэвдорж: Дэлхийн нэртэй аудитын компани сүүлийн 2 жил Хөгжлийн банкинд аудит хийсэн. Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайн гэж дүгнэсэн. Гэтэл хэзээ ч бизнес хийж үзээгүй, санхүүгийн нэг ч мэдлэггүй Д.Энхбаяр Хөгжлийн банкийг айхтар алдагдалтай болгож хувиргачихлаа. Чингис бонд, Самурай бондоос маш олон импортыг орлох, экспортыг дэмжих компаниуд зээл авсан учраас үйлдвэрлэл хөгжсөн. Энэ компаниудад бүгдэд нь хяналт, шалгалт орох нь л дээ. Баялаг бүтээгчдээ хэлмэгдүүлбэл АН хамгаална гэдгээ хэлье.
700 тэрбум төгрөгийн алдагдлын талаар
Б.Энхбаяр: Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулсантай холбоотойгоор Засгийн газар дээр ирж байгаа ханшийн алдагдал байгаа. Хэрэв ам.доллароор байршуулсан бол алдагдал ирэхгүй байх байсан юм.
Б.Пүрэвдорж: Ханшийн алдагдал 690 тэрбум гэж байгаа. Үүний 200 тэрбум нь Чингис, Самурай бондыг авч байх үед ханш 1700 байсан. АН засгаа өгөхөд 1900 байсан. Өнөөдөр 3, 4 сарын дотор 600 төгрөгөөр алдсан байгаа. Тэгэхээр ханшийн алдагдлын 200 тэрбум нь АН-ынх байна. 4-хөн сар болсон МАН 490 тэрбумыг нь хүлээх ёстой шүү. Хэрэв доллароор зээл өгсөн бол тэр компаниуд бүгд хаалгаа барьсан байгаа.
Бусад:
Л.Энх-Амгалан: Засгийн газрын тогтоол зассан байна лээ. Үүнийг цагдаагийн байгууллагад өгсөн байгаа.
Д.Эрдэнэбат: Хөгжлийн банкаар 131 экспортын компани, 210 хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн компани, 714 жижиг дунд үйлдвэр зээл авсан юм. 2154 км зам тавьсан, Гудамж төслөөр 116 км зам хийсэн юм. 10 мянган өрх ипотекоор байртай болсон юм. Яагаад сайн зүйлийг нь ярихгүй байгаа юм бэ?
С.Эрдэнэ: Хөгжлийн банкны асуудлыг хэт улс төржсөн байдлаар, нэг талын байр суурьнаас гаргасан нь илэрхий харагдаж байгаа. Мэргэжлийн бус ажлын хэсэг ажиллажээ гэдгийг нотлоход хангалттай нотлогдоно.
2008-2012 онд 4 их наяд төгрөгийг МАН эрх барьж байхдаа халамж хэлбэрээр тараасан байна.
Б.Энхбаяр: Төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлж шалгах шаардлагатай байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ