“Монгол Ур чадвар 2016” тэмцээн тогоочийн төрлөөр үргэлжилж байна

Мэргэжлийн боловсролын “Монгол Ур чадвар 2016” үндэсний тэмцээн өнөөдөр тогоочийн төрлөөр үргэлжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо, Монголын Зочлох үйлчилгээний холбоо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд тогооч бэлтгэдэг 20 сургуулиас шалгарсан суралцагсад оролцож байгаа юм.
Манай улсаас 2015 онд Бразилд зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрлөөр оролцогсод амжилттай оролцож, 479 оноо авч байжээ. Нийлбэр оноогоор 500 давсан тохиолдолд медальт байранд шалгарах боломжтой байдаг аж.
Энэ удаагийн тэмцээний эхний шатанд гүйцэтгэж буй даалгавар нь өөрийн гараар зуурмагаа тааруулж бэлтгээд паста хийх ёстой. Мөн үхрийн болон тахианы махан стэйкийн аль нэгийг сонгож бэлтгэх ба дагалдах хачирыг өөрсдийн сонголтоор бэлдэх даалгавартай. Энэ нь 2015 оны Бразилийн дэлхийн тэмцээний даалгавар юм байна. Хоёрдугаар шатанд 6 оролцогч шалгарах бөгөөд дахин шүүлтээр шилдэг 2 оролцогчийг Абу Дабигийн тэмцээн хүртэл зэрэг бэлтгэж, өрсөлдүүлнэ. Эцсийн шалгаруулалт ирэх 9 дүгээр сард болох бөгөөд тэр үед улсаа төлөөлөх шилдэг тогоочийн нэр тодорно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ