Лениний цахилгаан утсыг 50 мянган стерлингийн фунтээр худалджээ

Владимир Ленинийг Швейцараас Орост буцаж байгааг мэдэгдсэн түүний цахилгаан утсыг дуудлага худалдааны "Christie’s” ордны дуудлага худалдаагаар 49 мянга 857 стерлингийн фунтээр худалдсан байна. “Энэ нь байж болох үнээс 20-30 мянгаар их юм” гэж дуудлага худалдааны ордны төлөөлөгч хэлжээ.

1917 оны дөрөвдүгээр сарын 6-ны өглөө Берн хотоос явуулсан цахилгаан утсыг францын социалист Анри Жильбод гэж хаягласан байна. Франц хэлнээс хийсэн орчуулгаар: “Бид маргааш үдээр Герман руу гарна. Фриц Платтен галт тэргээр явна. Яаралтай ир. Бид зардлыг гаргана. Хэрвээ зарчмын хувьд зөвшөөрвөл, Ромен Ролантай хамт ир. Шарль Нэн юмуу Эрне-Поль Граберыг авчрахыг бод. Фольксхаус. Ульянов” гэжээ.

Орост хоёрдугаар сарын хувьсгал гарсныг дуулаад, Ленин Швейцараас Орост нэн даруй буцахаар төлөвлөсөн байна. Платтен битүүмжилсэн вагоныг Германы нутгаар дамжин өнгөрүүлэхээр тус орны гадаад хэргийн яамтай тохиролцож чадсан байна. Энэ вагонд Ленин болон түүний хамтран зүтгэгч барагцаалвал гучин хүн явжээ.

Эцсийн бүлэгт явах хүмүүсийн тоонд Жильбо, Ролан нарын хэн нь ч ороогүй бөгөөд гэвч 1917 оны дөрөвдүгээр сарын 9-нд хэсэг хувьсгалч Берн хотоос явсан байна. Яг долоо хоногийн дараа Ленин Петроградын Финландын галт тэрэгний буудалд ирж, харин хагас жилийн дараа октябрийн хувьсгал ялсан юм гэж хэвлэлд тэмдэглэжээ. “Ленин галт тэргээр Швейцараас явсан нь түүний амьдралын эргэлтийн үе, ХХ зууны түүхийн шийдвэрлэх мөч байсан нь эргэлзээгүй” гэж дуудлага худалдааны“Christie’s” ордны төлөөлөгч дурдсан байна.

Түүхэн баримт бичгийг Жильбогийн гэр бүлийнхэн хадгалж байжээ. “Хоёр жилийн өмнө цахилгаан утсыг Нейи-сюр-Сен хотод дуудлага худалдаанд тавьсан бөгөөд сая түүнийг худалдсан хүн тэгэхэд баримт бичгийг худалдан авсан байна” гэж дуудлага худалдааны ордны төлөөлөгч хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ