Эрлийн ажиллагааг түр зогсоов

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Б/45 настай, эрэгтэй/ энэ сарын 09-ний өдрөөс хойш сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт нийт 17 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тэд өчигдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Соов багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 12 км, “Хас-Ус” гэдэг газар хүртэл 10 км газар явганаар болон машинтайгаар нийт 22 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулаад байв. Улмаар ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоосон байна..
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн "Баруун моностой" гэдэг газар самарт явж байсан иргэн Г /38 настай, эрэгтэй/ өнгөрсөн 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Онцгой байдлын алба хаагчид болон ар гэрийнхэн түүнийг эрэн хайх ажиллагааг олон өдрийн турш зохион байгуулсан хэдий ч сураггүй болсон иргэн олдоогүй байна. Улмаар ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоогоод байгаа юм.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ