С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хэн гэрчлэх вэ

Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг 18 жилийн дараа анх удаа шүүх хурал товлон хэлэлцэхээр болсон. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эхэлсэн ч долоо хоногоор хойшлогдсон бөгөөд энэ долоо хоногт зарим гэрч нарыг оролцуулж магадгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Лхагва гарагт хуралдсан шүүх хуралдаан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид богино хугацаанд үргэлжилсэн хэдий ч сэжигтнүүд болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар олны өмнө ил болсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүх юм.Тухайн өдөр шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжилж байсан бөгөөд сэтгүүлчдийг шүүх хуралдааны танхим руу зөвхөн үзэг, балтай оруулж, шүүхийн хэвлэлийн ажилтны тараасан бичгийн цаасан дээр л тэмдэглэл хийх боломжтой байв. Гэвч уг хэрэгт холбогдолтой зарим баримт материал улсын нууцад хамааралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хаалттайгаар үргэлжлүүлсэн юм.Хуралдаанд хохирогчоор С.Оюун оролцох байсан ч өөрөө ирээгүй юм. Харин хохирогчийн талаас өмгөөлөгчид нь оролцжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар шүүхээр томилогдож, яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн оролцсон юм. Улмаар өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулаад байгаа билээ. Өмгөөлөгчдийн зүгээс хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Мөн энэ удаад нэр бүхий хүмүүсийг гэрчээр дуудах шаардлагатай гэж үзжээ. Тэгэхээр ирэх лхагва гарагт УИХ-ын гишүүн асан С.Оюун, хохирогчийн эхнэр Б.Булган, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын чухам хэн нь гэрчээр дуудагдах нь тодорхойгүй байна. Эсвэл тэд бүгд дуудагдаж ч болох юм. Гэхдээ хэрэг гарах үед гэмт этгээдийн царайг байг гэхэд дуу хоолойг сонссон цорын ганц хүн бол Б.Булган гэж байгаа.

Хамгийн сонирхолтой нь Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн талаас одоогоор ямар ч “шуум” алга. Тэрээр “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна.” гэж нэг хэсэг нэлээд шуугиулаад амжсан юм сан. Сэжигтнээр татагдсан Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч байсан гэх яриа бий. Тэднийг энэ хэрэгт холбогдолтой хэмээн шоронд олон жил хоригдсон Ц.Амгаланбаатар мэдүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Ц.Амгаланбаатар нь 2007 онд хүн амины хэрэгт холбогдоод 25 жилийн ял авчээ. Б.Содномдаржаа нь Ц.Амгаланбаатарын хөрш байсан бол Т.Чимгээ нь Ц.Амгаланбаатарын өргөмөл ахынх нь бэр дүү юм байна.

Шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын ар гэрийнхэн шүүх хурлыг хаалттай явуулж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Магадгүй хэрэгт холбогдогсод “маш нууц” зэрэглэлтэй, хаалттай шүүх хурлын нэрэн дор хэлмэгдчих вий гэсэн болгоомжлол бас нийгмийн тодорхой хэсэгт бий болоод байгаа юм. Тиймээс Орхон аймгаас сонгогдсон түшээгийн хувьд, түүнчлэн энэ хэрэгт эцгийнх нь нэр хавчуулагдсан гэдэг утгаараа О.Содбилэгийн үгийг зарим хэсэг бүлэг хүмүүс чих тавин хүлээж байгаа нь лавтай. Эгзэгтэй энэ цаг үед тэрээр чимээгүй суух нь бусдыг янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэж байгаа бололтой. Ямартай ч түүнийг дуугарах цаг болсон гэдгийг хүмүүс хэлэлцэж байна.

/С.Зориг агсныг хөнөөсөн гэх хоёр хүний аман зураг/

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ