Дэлхийн аварга байсан боксчин найман банк дээрэмджээ

Дэлхийн боксын аварга байсан америкийн Жеймс Пейжийг сүүлийн гурван сард 8 банк дээрэмдсэн хэрэгт сэжиглэн Калифорни муж улсын Окленд хотод саатуулжээ.Тамирчныг нэг хэрэгт сэжиглэн, урьдчилан хорих газарт хорьсныг интернэтийн “Boxingscene” сайтад мэдээлсэн байна.
Цагдаагийн байгууллагынхны хэлснээр, 42 настай Пейж 2013 оны гуравдугаар сарын 6-нд хэд хэдэн удаа дээрэм хийж эхэлжээ.
Урт ханцуй болон босоо захтай цамц өмсөн банк дээрэмддэг маягаар нь цагдаа нар түүнд “Товчтой дээрэмчин” гэдэг хоч өгсөн байна.
2001 оны арванхоёрдугаар сард Атланта хотын “Bank of America” банк дээрэмдэн, 11 жилийн ял эдлээд, 2012 онд суллагджээ.2012 оны арваннэгдүгээр сард тэр дэвжээнд дахин гарч, Азербайжаны Рахман Юсубовтай өрсөлдөн, хоёр дахь үедээ ялагдсан байна.
Пейж 1998 онд оросын Андрей Пестряевыг ялснаар Дэлхийн боксын холбооны 66,7 хүртэлх килограммын жинд дэлхийн аварга болжээ. Тэр аваргын титмээ гурван удаа амжилттай хамгаалсан ч, 2000 онд цолоо хамгаалах тоглолтод оролцоогүй учир, энэ цолоо алдсан байна.
2001 онд Эндрю Льюистай тоглож ялагдаад, үүний дараа дээрэмчин болжээ. Пейж мэргэжлийн дэвжээнд 30 удаа тоглож, 25-д нь ялж (19-д нь нам цохижээ), таван удаа ялагдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ