МУГЖ Н.Амгалан: Би урьдчилж мөнгө ярих дургүй

ҮДБЭЧ-ын дуучин, гавьяат жүжигчин Н.Амгаланг “Батаар”-ын зочноор урилаа. “Ханан сүлжээ нэхээс”, ”Сүнжидмаа”, “Цэцгэн хээтэй алчуур”, ”Насны гоёл”, “Хоёр сэтгэл” зэрэг зохиолын болон ардын дуугаар нь уншигчид түүнийг мэдэх биз ээ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэе?

-Чуулгынхаа төлөвлөгөөт уран бүтээлүүд хийгээд явж байна. Энэ жил манай чуулга Хэнтий, Дорнот, Сүхбаатар аймагт 90-ээд хүний бүрэлдэхүүнтэй явж тоглоод ирсэн. Одоо жуулчны улирал эхэлсэн учраас өдөр бүр тоглолттой байна.

-Хувийн уран бүтээлээр сонин сайхан юу байна, тоглолт ч юм уу хийх төлөвлөгөө бий юу?

-Уг нь энэ жил бие даасан тоглолтоо хийе гэж бодож байсан. Гэтэл долоодугаар сард Европ руу урт хугацаагаар тоглолтоор явах болоод хойшлуулчихлаа. Ирэх онд хийнэ дээ.

-Европ руу ямар тоглолтоор явах гэж байгаа юм?

-1998 онд Швейцарьт Монголын “Чингис хаан” вариетта театр байгуулагдсан. Тэр байгууллагын 15 жилийн ой болоод хуучин бүрэлдэхүүнээс уртын дуучин н.Батболд бид хоёрыг дахин ажиллаж өгөөч гэж хүссэн. Тэнд очиж зургаан сарын хугацаанд Швейцарийн 10 хотоор нүүдлийн цирк маягийн аялан тоглолт хийнэ.

-Яагаад зөвхөн ардын дуу дуулдаг болов?

-Бүх юмыг самардаад л байх дэмий л дээ. Хүүхэд байхаасаа л ардын дуу дуулдаг байлаа. Тэгээд үүндээ үнэнч. Яахав ганц хоёр зохиолын дуу дуулсан. Тэр нь бараг ардын дуу юм шиг аятай байдаг л даа. Зохиолын дуу зохидоггүй биш зохидог. Хүн дуулаад өгөөч гээд өгвөл дуулна. Намайг дуулаач гэсэн зохиолын дуу нь ихэвчлэн морины тухай байдаг юм.

-Та ямар хоолойтой билээ?

-Сопрано.

-Б.Сийлэгмаа эгч та хоёр хоршиж дуулдаг шүү дээ. Сопрано хоолой, ямар хоолойтой нийцтэй байдаг юм бол?

-Сийлгээ альт хоолойтой. Тийм болохоор бид хоёрын хоолой хоршиж дуулахад тохирдог юм.

-Бага байхдаа ямархуу хүүхэд байв, ямар ардын дуу анх дуулав?

-Би хотод өссөн. Хүүхдийн дууны дугуйланд ороод дуулах ур зүй, эрдмийг тэндээс анх сурч байлаа.Хөдөлгөөнтэй, сахилагагүй мөртлөө манлайлагч, хүүхэд байсан шүү.

-Дуулдаг удам судар байна уу?

-Манай ээж маш сайхан дуулдаг. Увсын Зүүнхангайнх л даа. Эрчим хүчний байгууллагад насаараа ажилласан. Энэ жил байгууллагынхаа 90 жилийн ойгоор СТА цолоор шагнуулсан. Мэргэжлийн дуучин биш хүнд энэ цолыг бас өгдөг л юм билээ. Тэгэхээр миний ээж их сайхан дуулдаг хүн байгаа биз дээ. Ээжийн дүү нар бас сайхан дуулдаг , надаас бараг илүү цангинасан хоолойтой хүмүүс байдаг даа.

-Хүүхэд байхдаа хэр их захиа авч, хөвгүүдийг араасаа гүйлгэж байв ?

-Бидний үед захиа өгдөг моод байсан. Нэрээ бичсэн, бичээгүй захиа их л авдаг байлаа. Ерөнхийдөө би их эршүүдлэг хүүхэд байсан шүү. Захиа өгсөн банди нарыг шоглоод л. Тийм болохоор ямар ч байсан бусад охидын адил арван жилийн сурагч байхдаа захиа занаа авдаг байсан.

-Анхны хайрынхаа талаар дурсан яриач?

-Би сургуулийнхаа нэг хүүхдэд хайртай болчихсон гэж боддог л байсан л даа. Гэхдээ тэр шохоорхол байсан байх. Тэгээд л сүүлд амьдрал зохиогоод хоёр хүүхдийнхээ аавтай хайр сэтгэлтэй болоод л суусан.

-Хоёр хүүхэд тань юу хийдэг вэ. Бас л урлагийн хүмүүс үү?

-Манай охин хуульч, хүү маань Хөгжим бүжгийн коллежийг морин хуурчаар төгсөөд, дараа нь СУИС-ийг хөөмийчөөр төгссөн. Хүүтэйгээ хамт Швейцарь луу явах гэж байгаа. Сайхан боломж шүү.

-Ардын дууны гоё сайхан нь юундаа байдаг юм бол?

-Нэгдүгээрт дуулахад маш их ур чадвар, ухаан шаарддаг. Зөвхөн хоолой байгаад дуулж чадахгүй. Ардын дуу хэдэн зуун жил дуулагдаж, шилдэг сайнууд нь шилэгдээд үлдчихсэн байдаг. Тийм болохоор үг маш гүн ухааны, утга учиртай. Дөрвөн бадаг дуу байвал дөрвөн бүлэгтэй жижиг зохиол л гэсэн үг. Ардын дууны тэр сайхан өгүүлэмж, утга агуулгыг ухаарч ойлгохгүйгээр дуулж болохгүй. Дуундаа уусч, дотоод ертөнцийг нь мэдэрч дуулдаг дуучин олон бий. Бас юуны тухай өгүүлж байгааг нь мэдэхгүй, зөвхөн үг, аяыг нь сураад дуулдаг хүн ч бий. Хэр дуулж байгаа нь харахад л андашгүй. Дуулахад дан ганц хоолойноос гадна оюун бодол, сэтгэл зүрх шаардагдана. Энэ бүхэн нэгэн цогц болсноор тухайн дуу жинхэнэ утгаараа амьдарна. Тиймээс би чуулгынхаа залуу дуучдад энэ талаар хэлдэг. “Наад дууныхаа үгийг сайн судал. Хүнд юу ойлгуулах гэж байгаагаа мэдэж байх хэрэгтэй” гэж. Сургамжийн үг, хайр сэтгэл, ээж аавын энэрэл хайр гээд маш олон төрөл бий шүү дээ, ардын дуунд. Үүнийг ойлгохгүй дуулбал хэцүүднэ.

-Таны хамгийн их дуулах дуртай дуу?

-Дуулдаг дуу гэвэл маш олон байна. Гэхдээ би Сүнжидмааг их олон жил дуулсан. 1982 оноос хойш гэхээр бараг 31 жил дуулж байна. Анх дуулахдаа яасан хэцүү дуу вэ гэж бодож байлаа. Энэ дуу дуулахаас өмнө би Сүнжидмаа дуулалт жүжигт тоглох юмсан гэж их бодож явдаг байлаа. Гэтэл яг тэр үед Ж.Бадраа, Д.Лувсаншарав гуай хоёр энэ дуулалт жүжгийг найруулан тавьж би тоглож байсан юм. Өөрийгөө их азтай гэж бодож явдаг шүү. Олон сайхан дуучид, уран бүтээлчдээс олон ч зүйл сурч, мэдэж авсан даа. Хоолой хичнээ ядарсан бай, ер нь ямар ч үед би Сүнжидмааг дуулчихдаг. Тийм болохоор энэ дуундаа илүү дуртай гэх үү дээ.

-Уртын дуучид ардын богино дуу дуулахад хэцүү гэж ярихыг сонссон юм байна. Яагаад тэр вэ?

-Тэгж ярьдаг. Гэхдээ хүний сурсан зүйл өөр л дөө. Надад лав уртын дуу хэцүү санагддаг. Харин уртын дуучид “Ардын богино дуу дуулахад хэцүү” гэж ярилцах нь бий. Ардын богино дуу дуулахад амьсгаа, техник, донж маяг хэрэгтэй л дээ. Гэхдээ ардын богино дуу сайхан, сайхан дуулдаг уртын дуучид олон байгаа шүү дээ.

-Ардын дууг рок поп, транс зэрэг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник маягийн дуунууд ч моод болж байх шиг байна?

-Энэ бол ардын богино дууны бас нэгэн хувьсал. Ардын дууг сурч, ард түмэндээ ямар хэлбэрээр хүргэх нь гол биш. Хамгийн гол нь бидний хэв маягаас өөр, рок поп болон транс хэлбэрээр нь сонсговол орчин үеийн залууст илүү хүрэх ч юм билүү. Зарим хүн “Эстрадынхан дуулах дуу нь олдохоо болихоор ардын дуу руу хошуурч байна” гэж шүүмжилдэг. Би үүнийг үгүйсгэдэг. Дуучин хүн ямар ч уран бүтээлийг амьдруулах чадвартай байх ёстой. Ялангуяа ардын дууг сонгож, олонд хүргэнэ гэдэг маш сайн.

-Энэ байгууллагад ямар шалгуураар орж байв?

-Би ҮДБЭЧ-д гурван удаа бүдэрч байж орсон доо. 1984 онд ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач байсан Цэрэндолгор намайг ажилд авъя гэсэн чинь би анхныхаа хүүхдийг тээж байсан болохоор яах ч арга байгаагүй. Тэр үед байгууллагууд боловсон хүчнээ бодлогоор сургадаг, авдаг байлаа шүү дээ. Одоогийн шиг ажлын байргүй олон дуучин бэлддэг байсангүй. Тийм болохоор байгууллагад орон тоо гарна гэдэг их хэцүү байсан үе. Тэгээд 1986 онд дахиад шалгуулсан. Гэтэл надтай хамт шалгуулсан охиныг ажилд авчихдаг юм байна. Тэгээд бүр дараа нь 1993 онд Уран сайхны удирдаач байсан Лувсаншарав гуай надад “Чи ардын дуугаа дагнаж дуул, эсвэл бакалны дуучин болоход аль аль нь боломжтой байна” гэж хэлж байсан. Би бодохдоо намайг ардын дуугаа дагнаад яв гэж хэлсэн санаа нь тэр юм болов уу гэж боддог. Тэгээд Дорж дарга Сийлэгмаа, морины Батбаяр бид гурвыг Хилийн цэргийн ансамблид ажиллаж байхад манайд ирээч ээ гэж дуудаж авч байсан. Тэр үед нэг байгууллагаас гараад нөгөө байгууллагад орох их хэцүү байлаа. Ар гэрийн асуудалтай гэж байж арайхийж ийшээ орж ирж байсан юм даг.

-Багшлах бодол байна уу?

-Миний хувьд дуулах арга техник, хүнд юм хэлээд өгөх нас маань болчихсон. Надаас зохиолын дуучид заримдаа ирээд асууж л байдаг. Баясгалан надаас ардын дуу заагаад өгөөч гэж байсан. Намсрайноров бас ганц хоёр дуу заалгаж байлаа. Залуу хамлагийн охид их ирдэг. СУИС-д багшлаад байгаа юм байхгүй. Ямар ч байсан өөрийнхөө мэдэх чадах юмаа зааж өгөөд л явж байна. Залуусыг дуунд дуртай болгохыг л зорьдог. Энэ жил СУИС төгссөн Батцэцэглэн гэдэг охин бид хоёр богино дуун дээр ажиллаад байж байна. Ерөнхийд нь хоолойг нь задлах гээд ажиллаж байна.

-Ардын, уртын дуу сайн дуулахад нутаг усны ялгаа гэж байх уу?

-Ардын, уртын дуунууд уулаасаа манай Монголын цаг агаар, байршилтай маш их холбоотой. Жишээ нь Дундговиос эмэгтэй, Өвөрхангайгаас эрэгтэй дуучин их төрдөг гэдэг ч юм уу. Сүүлийн үед Увсаас их олон дуучин гарч байгаа. Тэгэхээр тухайн орон нутагтай хүний хоолой бас их холбоотой байдаг юм билээ. Олон жил ажигласнаа хэллээ.

-Гавьяат цол хүртэж байсан үеээ дурсаач?

-Нодлин улсын баяраар гавьяат авсан. Тэр үед Үндэс­ний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолтын танхимд хуралтай гээд бүх уран бүтээлчдийг цуглуулсан юм. Эхэндээ ч албаны яриа өрнөж байгаад хурал өндөрлөх үест "Манай чуулгаас шинэ гавьяат төрлөө" гэж зарласан. Чуулгынхан маань бөөн баяр хөөр болцгоогоод ихэнх нь "Амгалан эгч л байх" гэцгээж байсан. Манай чуулгад олон сайхан уран бүтээлч ажил­ладаг болохоор хэн ч байж магад­гүй гээд би эхэндээ нэг их тоо­гоогүй. Гэхдээ манайхан "Амгалан эгч л байх" гээд байсан тул юмыг яаж мэдэх вэ гэсэн бодол төрсөн. Тэрхэн мөчид тээнэгэлзэн байтал Цэдэн-Иш дарга "Н.Амгалан Мон­гол Улсын гавьяат жүжигчин болж байгаа" гэсэн. Тэрийг дуулаад өөрийн эрхгүй л нулимс урсчихсан. Хорьж болохгүй, дийлж болохгүй зүйл чинь нулимс юм билээ. Хүн бүр авах албатай гавьяа шагнал биш шүү дээ. Шагнал авч байх үедээ их хөөрч баярлаж байсан болохоос биш энэ шагналын ард их үүрэг хариуцлага байдаг юм байна, ард түмний хайр хүндэтгэл, хариуцлага ирж байгааг ухаардаггүй л юм билээ. Одоо бол уран бүтээлээ сайн хийх, хамт олондоо үлгэр дууриайлалтай байх ёстой, залуу үеийнхэндээ чаддаг мэддэг бүхнээ зааж сургах минь л миний гавьяа шагнал авсны төлөөс юм болов уу гэж бодож амьдарч явна даа.

-Мөнгөний үнэ цэнэ таны бодлоор?

-Хөдөлмөрлөөд мөнгө олж байвал гоё. Тэр мөнгөө үрэхэд ч амттай. Харин өөр аргаар олсон мөнгө үнэ цэнэгүй, хэрэглэсэн ч гэсэн кайфгүй шүү дээ.

-Танай чуулгын цалин харьцангүй байх л даа?

-Төрийн албан хаагч болохоор мэдээж бусад хувийн ч юм уу цалин сайтай байгууллагуудаас бага. Гэхдээ мөнгөнд дуртай биш, сэтгэлтэй хүн л урлагт ажилладаг. Би 500-гаад мянган төгрөгийн цалин авдаг. Гэхдээ ажлынхаа бус цагаар айлын найр, баяр наадамд дуулах боломж байдаг болохоор бас гайгүй боломжтой. Гэхдээ цалин маань их тус нэмэр бололгүй яахав.

-Найр хуриманд дээр дуулахад ямар ханшаар дуулдаг вэ?

-Би эхлээд хүнээс хэдэн төгрөг өгөх вэ гэж бараг асуудаггүй. Хүн намайг гээд ирээд дуулаад өгөөч гэж байхад би баярлана. Мөнгөгүй байсан ч гэсэн сэтгэлээрээ намайг уриад дуулаад өгөөч ээ гэвэл заавал мөнгө гэхгүй. Би хүний ажлыг хийгээгүй байж урьдчилж мөнгө ярих дургүй. Социализмын үед миний эцэг эхийн олгосон хүмүүжил. Мөнгөний хойноос улайраад гүйгээд байх дургүй.

-CD, цомог гаргах уу?

-Нэг цомог байдаг л даа. Гэхдээ би тэрийгээ голоод байдаг юм аа. Одоо үндэсний их найрал хөгжимтэй CD хийх гээд эхийг нь бэлтгүүлээд хөгжмөө бичүүлчихсэн. Хоолойндоо орох дутуу байна. Тэгээд одоо гадагшаа явахаар болчихсон болохоор энэ жилдээ бас л худлаа болчихлоо. 2014 онд тоглолтоо хийхээрээ л цомог гаргаж үзэгчиддээ зэрэг, зэрэг бэлэг барина даа. Гавьяат болчихоод уран бүтээлээ яагаад хийхгүй байна, тоглолт яагаад хийдэггүй юм бэ гэж бодож байгаа байх. Уг нь энэ жил тоглоно гэж бодоод саяхан хэд хэдэн шинэ хувцас хийлгэчихсэн байсан л даа.

-Хувцас гэснээс хэдэн дээлтэй вэ, ардын дуучин хүнд олон дээл байгаа байх?

-Нэлээн олон шүү. Заримыг нь өмсөхгүй далд хийчихнэ, заримыг нь орон нутагт явж байхдаа хүнд өгчихдөг байсан. Одоо больчихсон. Хүүхдүүд маань сүүлд дурстгалтай шүү дээ гээд байгаа. Хүү маань тоглоод хэзээ нэгэн цагт музейд тавих ч юм бил үү гэж байсан. Гэхдээ би энгийн үедээ нэг их дээл өмсөөд байхыг боддоггүй. Байнга дээл өмсөж дуулдаг болохоор энгийн үедээ өмсчихөөр ажлаа хийж байгаа юм шиг санагдаад байдаг болчихсон байна билээ. Манай ҮДБЭЧ шинэ байр барих гээд газраа авчихсан байгаа. Тэнд өөрсдийн гэсэн сайхан музейтэй болох байх. Тэр үед миний дээл хувцас тавигдахыг үгүйсгэхгүй.

-Ам барьдаг дуучдын талаар таны бодол, ардын дуучин хүнд ийм ойлголт байхгүй шүү дээ?

-Ам барьж байгаа хүмүүс өнөөдөртөө өөрийгөө болж байна л гэж бодож байгаа. Хэзээ нэгэн цагт насгүй л гэсэн үг шүү дээ. Европын улсуудад бүжиглэдэг дуучдыг ам барьж болно гэдэг юм билээ. Манай залуучууд өөрсдийгөө “алж байна” л гэж хэлнэ. Хэрвээ ам барьдаггүй бол тэр хүн өдөр болгон хөдөлмөрлөж, дасгал сургуулилалт хийнэ шүү дээ. Тэгээд ямар ч бэлтгэл хийхгүй ам барьж явсаар байтал нэг мэдэхэд тэр хүн өөрөөрөө дуулж чадахгүй болчихно. Аюул шүү. Гэхдээ хүн бүр ам барьдаггүй байлгүй дээ. Харьцангүй гайгүй болсон байх аа. Нэг үеээ бодвол. Заримдаа ам барьсан дуучид студид бичүүлсэн ,компьютэрээр засчихсан, чанга дууг дуулчихаад орсны дараа бид нар гарч яг өөрийн амьд хоолойгоор ардын хөгжимтэй дуулахад их хэцүү шүү дээ. Бараа сүрэнд нь дарагдана. Хэрвээ би ам барьж дуулдаг байсан бол юун 30 жил дуулах вэ дээ. Би залуучуудад хэлдэг. Дасгалгүй хэзээ ч дуулж болохгүй гэж. Олон жил дуулъя гэж бодож л байгаа бол байнга дасгал унших хэрэгтэй.

-Дасгал уншихаас гадна хоолойгоо яаж арчилдаг вэ?

-Арчлалгүй яахав. Дуучин хүн их хэцүү шүү дээ. Хоол унд, нойроо тохируулна, ханиад томуу тусах эрх байхгүй, өвлийн цагт дулаан хувцаслах хэрэгтэй, олон нийтийн газар тамхины утаатай газар удаан суухгүй, хэтэрхий ядрахгүй байх гэх мэт маш олон дэглэм барьдаг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Эмэгтэй хүн ажил их шүү дээ. Гэр орноо цэвэрлэнэ, тэгээд үр хүүхдүүдтэйгээ нийлээд хоол унд хийж идээ л, гадуур дотуур дэлгүүр хоршоогоор явах тэр бүх ажлаа л зохицуулна.

-Дэлгүүр хэсэх дуртай бүсгүйчүүдийн нэг үү?

-Хүнсний дэлгүүр бол явна. Барааны дэлгүүр нэг их хэсээд байдаггүй. Гадаад дотоодод их аялан тоглолтоор явдаг болохоор тэндэхийн дэлгүүрүүдээс хувцас хунараа авчихдаг их азтай хүмүүс шүү уран бүтээлчид бид. Тийм болохоор дэлгүүр байнга хэсээд байх зав байдаг ч үгүй, тэгээд бас дуртай биш.

-Эх орноороо хэрхэн бахархдаг вэ?

-Бид ямар сайхан эх оронд төрөө вэ. Далайн шуурга, цунами болчих вий гэж санаа зовох юм алга. Хэтэрхий халуун орон байсан бол халуун орны элдэв өвчин гээд, далайн орон байлаа гэхэд далайн шуурга гээд л. Яахав зуд болж хэдэн мал үхэх юм. Тийм болохоор үнэхээр азтай хүмүүс бид. Энэ нутагт төрж өссөнөөрөө их бахархдаг. Надад гадны улсад амьдрах , суурьших тийм бодол огт төрдөггүй.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ