П.Цагаан: Оюутолгойн асуудлыг ил захидал шиг яриад байх нь утгагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.

-Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээс томилохгүй байх агуулга бүхий хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг дөрвөн жилийн дараа мөрдөнө гэл үү?

-Энэ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Манайх Үндсэн хуулиа баталснаас хойш 20 гаруй жил болж байна. Энэ хугацааны төрийн түүх, туршлага, алдаа, оноо сургамж, судалгаан дээр суурилаад хуулийн төслийг өргөн барьсан. Ийм оролдлого урьд нь гарч байсан. Гэхдээ амжилтгүй болдог байлаа. Яагаад амжилтгүй болдог вэ гэхээр сонгуулийн дүн гарахаас өмнө ярьчихаад, сонгууль болсны дараа хойшлуулсаар ирсэн. Хугацаа нь тулчихдаг байсан. Харин одоо энэ хуулийг эрт батлаад төлөвлөх юм бол улс төрийн намууд боловсон хүчнээ бэлтгэх, ямар ажил явуулах вэ гэдгээ мэддэг болно. Түүнээс гадна Үндсэн хууль нь хууль тогтоох, гүйцэтгэх, эрх мэдэл гэсэн гурван салаа мөчрөөс бүрддэг. УИХ хууль тогтооно. Засгийн газар УИХ-аас гарсан хуулийг хэрэгжүүлээд тайлагнадаг. Тэгээд ямар нэгэн маргаан гарвал шүүх шийддэг ийм энгийн зарчимтай. Гэтэл манайд яаж байна гэхээр зарим УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болчихоод баруун гараараа УИХ-д, зүүн гараараа Засгийн газарт ажилладаг. Гэтэл УИХ бол хууль тогтоодог маш ачаалалтай ажил шүү дээ. Хүн гээч амьтан бол биологийн цаг хугацааны, чадавхийн ачаалалтай. Тиймээс ийм олон ажил зэрэг хийх боломжгүй гэдэг нь ажиглагдаж байгаа юм.

-Хуулийг эрт баталчихаад дөрвөн жилийн дараа хэрэгжүүлдэг жишиг байдаг юм уу?
-Хамгийн энгийн зүйл гэвэл УИХ, байнгын хорооны ирцийг харахад Засгийн газрын гишүүний оролцоо маш сул байгаа нь судалгаагаар гарсан. Маш сайн хууль гарвал нийгэмд их хэрэгтэй. Ийм хууль гаргахын тулд оролцоо нь чухал шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын гишүүн хууль батлахад хангалтгүй оролцвол муу хууль гарна биз дээ. Манай ард иргэд энэ асуудалд маш шүүмжлэлтэй ханддаг. Ерөнхийлөгч Засгийн газар байгуулахад хэлээд, шаардаад болоогүй. Тиймээс эрт хууль баталъя. Энэ нь аль алиндаа амар гэж үзэж байгаа юм. Ийм эмзэг асуудлыг батлаад мөрдөх хугацааг нь хойшлуулчихдаг жишиг байдаг юм байна. Тэгээд энэ асуудал нэлээд хариуцлагын асуудал учраас халгаад барьж авч чадахгүй байна. Тиймээс 2016 оноос хэрэгжүүлж эхэлье гэж байгаа юм. Манай Үндсэн хуулийн үзэл санаа, ард иргэдийн бодол санаанд нийцэж байгаа шүү дээ.

-Сүүлийн үед төрд томоохон алба хашиж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө байгаа нь илэрч, хэрэгтэн болж байна. Хамгийн сонирхолтой нь МАН-аас баригдаад байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Гэтэл эрх барьж байгаа хүчин буюу АН-аас юу ч илрэхгүй байна шүү дээ?
-Надад бас яагаад МАН-ынхан баригдаад байгаа юм бол гэж бодогдсон. Тэгтэл өмнө нь МАН-ын хүмүүс Засгийн эрх барьж байсан. Авлигыг мөнгөгүй гудамжинд яваа хүмүүс хийх боломжгүй шүү дээ. Тиймээс МАН-аас хэрэг илрэх нь ойлгомжтой. Яваандаа тодорхой хугацаанд авлигын хэрэг илэрвэл засаг барьж байгаа хүмүүсээс л гарна. Тиймээс төсвийн захиран зарцуулалтыг хянадаг “Шилэн данс”-ны тогтолцоонд Ерөнхийлөгч ач холбогдол өгч байгаа юм. Хүмүүсийг цоллож, шийтгээд шорон оронд хийж байснаас “Шилэн данс” руу шилжвэл авлига энэ тэр эмх цэгцэндээ орно гэж үзэж байгаа юм. Дээрээс нь шүүх нь шударга болчихвол авлига тууштай буух боломжтой. Иж бүрнээр нь авч үзэж байгаа юм л даа.Мөрдөн байцаах байгууллагаа бэхжүүлээд өмнөх хэргүүдийг илрүүлж болно. Гэтэл яваандаа одоогийн эрх барьж байгаа хүмүүсээс авлигын хэрэг гараад ирвэл ямар хэрэг байх вэ дээ. Тиймээс цаашид буруу зүрүү зүйлийг нь хаах нь зүйтэй гэж үзээд төсвийн болон төрийн өмчийн төсвийг захиран захицуулах асуудлыг ил болгочихвол авлига хумигдах юм. “Шилэн данс”-ны тогтолцоонд шилжсэнээр авлигыг 24 цагийн дотор мэддэг болно. Төсвийн хөрөнгө оруулалт, зарцуулалтыг нь хяначихвал ядуурал буурна шүү дээ.

-Хэдхэн хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарчихвал гадаад харилцаандаа хэрхэн анхаарах вэ. Манай улсын хувьд хоёр хөрштэйгээ харилцах харилцаа муудаж байна гэж зарим хүмүүс хэлээд байгаа?
-Монгол Улс бол мөнхийн хоёр хөрштэй. Үнэнийг хэлэхэд хоёр хөрш маань Монголыг өөд нь татчихъя гэж бодохгүй шүү дээ.Сүүлийн 100 жилийн түүхийг үзэхэд Монголчуудад алдсан зүйл асар их байгаа. Сор болсон сэхээтнүүдээ алуулсан. Түүх соёлын дурсгалаа шатаалгасан. Соёлын өв дурсгалаа алдсан. Тиймээс бид энэ алдаагаа засахын тулд мөнхийн хоёр хөрштэйгээ сайн харьцаатай байх хэрэгтэй. Дээрээс нь бусад улс оронтой харилцаж олон тулгууртай гадаад бодлого явуулья гэдэг бодлого баримталж байгаагийн үр дүнд асар олон өөрчлөлт гарч байна шүү дээ. Зовлон жаргал бэрхшээл саадыг нь хамгийн сайн мэдэж байгаа, бодлого үйл ажиллагаа нь цэгцэрсэн хүн Ц.Элбэгдоржбайгаа юм. Ерөнхийлөгч маань олон улсын хурал хийлгэж чадаж байна. Иранаас, Туркаас, Оросоос, АНУ-аас Монголын түүх соёлын зүйлээ олоод ирчихэж байгаа биз дээ. Энэ бүгдэд нэр хүнд, дипломатын урлаг хэрэгтэй. Хувь хүний үүрэг хамгийн чухал. Төр ялзрах, ард түмэн ядуу байх үндэс нь авлига. Үүнтэй зоригтой хүн л тэмцэх ёстой.

-Оюутолгой компанийн ТУЗ-д Монголоо төлөөлөн суудаг гурван хүний нэг нь та. Оюутолгойд юу болоод байна. Монголчуудын зүгээс тавьсан саналууд юу болж байгаа вэ?
-Оюутолгой энэ долоо хоногт экспортоо эхлэх гэж байна шүү дээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ноос үйлдвэрлэл нь эхлээд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь талбай дүүрээд хадгалах газаргүй болж байна. Энэ бүтээгдэхүүнээ гаргаж байж л мөнгө орж ирнэ биз дээ. Экспорт эхлэх гэж байна. Компанийн ТУЗ-ийн гишүүн компанийн дүрмээр ажилладаг. Гэрээ энэ тэрийг хувь нийлүүлэгчид ярина. Тэгэхээр эрх хэмжээндээ байх хэрэгтэй шүү дээ. Яриа хэлэлцээ цаг хугацаа шаардсан ажил шүү дээ.ТУЗ-ийн үүрэг бол ажлыг нь хурдан явуулах тал дээр хичээх ёстой.Хөрөнгө оруулалт болон гэрээтэй холбоотой асуудлыг ялгаж, зааглаж ярих ёстой. Миний хувьд Монголыг төлөөлж байгаа учраас нарийн ширийн зүйлээ ярина шүү дээ. Гэхдээ үүнийг ил захидал шиг яриад байх нь утгагүй. Нууцаар яриа хэлэлцээр хийнэ.

Х.МАНДАХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ