Сүүлчийн террористууд Алеппо хотоос гарч явав

Сүүлчийн хэсэг террорист Алеппо хотоос автобусаар гарч явжээ. Цэргийн ажиллагааны штабаас РИА Новости агентлагийн сурвалжлагчид пүрэв гарагт энэ талаар мэдээлсэн байна.

“Энэ нь сүүлчийн цуваа. Бүх террорист Алеппо хотын зүүн хэсгээс гарч явж, хот Сирийн армийн хяналтад бүрэн шилжлээ хэмээн одоо хэлж болно” гэж эх сурвалж тодруулан тайлбарлажээ. Хотыг бүрэн хяналтдаа авсныг Сирийн армийн командлал албан ёсоор нотолсон байна.

“Сирийн арми болон түүний холбоотнууд террорист бүлэглэлүүдийг дарах боломжтойг энэ ялалт нотолж, Арабын Бүгд Найрамдах Сири Улсын нийт нутгаас террористуудыг түрэн гаргах шинэ шатны эхлэл боллоо” гэж Сирийн армийн командлалын мэдэгдэлд тэмдэглэжээ.

Алеппо бол Сирийн томоохон хотуудын нэг юм. 2012 онд исламын болон босогчдын бүлэглэлүүд хотын зүүн хэсгийг эзэлж, харин баруун хэсэг нь засгийн газрын хяналтад үлдсэн юм.

Террористуудын хяналтад байсан зүүн хорооллуудаас нийтдээ 9,5 мянган хүн, түүний дотор 4,5 мянган террористыг гаргажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ