Орост үндэсний гашуудал зарлав

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 26-нд Орост нийт үндэсний гашуудал зарлажээ. Хар тэнгисийн агаарт нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин ийм шийдвэр гаргасан байна.

Үүнээс гадна, оросын төрийн тэргүүн тус орны нийт нутагт төрийн далбаа бөхийлгөж, цэнгээнт арга хэмжээ, нэвтрүүлгийг цуцалж, амь үрэгдэгсдийн гэр бүлд туслах шаардлагатай арга хэмжээ авахыг соёлын байгууллага болон телевиз-радиогийн компаниудад санал болгожээ.

ОХУ-ын БХЯ-ны нислэгийн 223 дугаар отрядын Ту-154Б-2 нисэх онгоц сүйрснээр 92 хүн, түүний дотор 84 зорчигч, багийн 8 гишүүн амь үрэгдсэн байна.

“Оросын армийнАлександровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын 68 жүжигчин, ажилтан, түүний дотор тус чуулгын удирдагч Валерий Халилов амь үрэгдлээ. Тус чуулга нийтдээ 285 хүнтэй юм. Үнэхээр том хохирол амслаа. Бид энэ хохирлыгнөхөхийн тулд тун нухацтай ажиллана. Чуулга цаашид орших болно” гэж БХЯ-ны орлогч сайд Николай Панков мэдэгджээ.

Мөн телевизийн гурван сувгийн (Нэгдүгээр, Звезда, НТВ) сэтгүүлчид, цэргийн албан хаагчид болон бусад хүн амь үрэгдсэн байна.

Нисэх онгоц арванхоёрдугаар сарын 25-нд Москвагийн цагаар өглөөний 05 цаг 27 минутад Сочи хотоос хөөрснийхөө дараа радараас алга болжээ. Москвагийн ойролцоохи Чкаловский хотоос гарсан энэ нисэх онгоц цэнэглэлт хийхээр Сочид буусан байна. Сирийн Латаки муж орохоор нисч явсан агаарын хөлөг бараг хөөрмөгцөө унажээ.

Сүүлчийн мэдээгээр, амь үрэгдсэн 10 гаруй хүний цогцосыг уснаас гаргаад байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ