Кубад олон нийтийн газруудыг Фидель Кастрогийн нэрэмжит болгохыг хоригложээ

Кубын ардын засгийн үндэсний ассамблей (парламент) олон нийтийн газруудыг нэг сарын өмнө нас нөгчсөн Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн нэрэмжит болгохыг хориглох тухай хуулийг мягмар гарагт баталжээ. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Ингэхдээ хувьсгалчийн дүрийг хөгжим, уранзохиол, бүжиг, кинонд ашиглахыг шинэ хууль соёлын зүтгэлтнүүдэд хориглоогүй байна. Түүний гэрэл зураг оффис, сургууль, төрийн байгууллагуудад байж болно.

Удирдагчийн хувьсгалын үзэл баримтлалыг мөрдөх нь түүнд хүндэтгэл үзүүлэх хамгийн сайн арга юм гэж төрийн тэргүүн Рауль Кастро хэлсэн байна.

Фидель Кастро өөрийг нь тахиж шүтэхийг эсэргүүцдэгээ үргэлж хэлж байжээ. Гэвч түүнийг хэрэг дээрээ газар сайгүй тахин шүтэж, түүний хэлсэн үгийг нийт орон даяар зурагт хуудсанд бичиж, түүний нэрийг олныг хамарсан арга хэмжээ бүр дээр дурддаг байсан гэдгийг шүүмжлэгчид тэмдэглэдэг юм.

Фидель Кастро 11 дүгээр сарын 25-нд 90 настайдаа нас нөгчсөн юм. Түүнийг чандарлаж, чандар бүхий бумбыг Сантьяго-де-Куба хотын оршуулгын газарт оршуулсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ