“Хасар” Жагаа хятадуудтай хамтран түүхэн кино хийхээр болов

Хасар хэмээн олноо алдаршсан МУГЖ Д.Жаргалсайхан БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтран томоохон хэмжээний гурван түүхэн киноны төсөл дээр ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Эдгээр кинонууд нь Чингис хааны сэдэвтэй, мөн Гэрэгэ, Хятад Монголын торгоны замын түүхийг харуулах юм байна. Энэ уран бүтээлүүдээ Хятадын зах зээлээр дамжуулан Монголын түүхийг дэлхийд сурталчилна хэмээн уран бүтээлчид нь ярьж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Хасар Жагаа “Глобал номадик арт” нэртэй кино кампанийг байгуулж байгаа бөгөөд өөрөө захирлаар нь ажиллаж, МУГЖ Г.Золбоот гүйцэтгэх захирлаар нь сонгогджээ. Харин одоо тэдний бүтээхээр зорьж буй түүхэн кинонуудын зураг авалтын дөнгөж 10 орчим хувь нь Монголд хийгдэх нь манай түүх биш, харин ч хятадуудын Монгол Улсыг өмчлөх байдалд нь түлхэц болж магадгүй хэмээн зарим шүүмжлэгчид үзэж байгаа аж.
Өмнө нь хятадуудын хийсэн Чингис хаан кино дэлхий дахинд монголчуудыг хир бөөстэйгээ зууралдсан, ноорхой хувцастай, бохир заваан хүмүүс мэтээр танилцуулсан бол энэ удаа ч хятадууд монголын түүхэн киноны салбарт сайн санаархаж хамтраагүй байх гэж хардах хүмүүс олон байна. Ямартай ч магтаал шүүмжлэл тэнцүүхэн дагуулж байгаа түүхэн гурван киноны ажил өчигдрөөс эхэлж байгаа юм байна.
Одоогоор “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ” зэрэг олон арван кино уран бүтээлээр үзэгчдийн танил болсон жүжигчин, МУСТА Б.Амарсайхан “Гэрэгэ” нэртэй киноных нь түүхэн гол дүрийг бүтээхээр тодроод байгаа бол Торгоны замын тухай 30 ангит уран сайхны киноны төсвийг Хятадын талаас гаргаж, найруулагч, продюсероор Юанг Ли Ниан ажиллахын зэрэгцээ 10 ангид нь Монголын уран бүтээлчид тоглох юм байна. Юанг Ли Ниангийн хувьд Брюс Лигийн тоглосон “Луугийн арал”, “Бөхийн домог” кинон дээр ажиллаж байсан юм. “Чингис хаан” уран сайхны киног Монгол, Хятад, АНУ хамтран Холливудын хэмжээнд хийхээр төлөвлөжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ