Түргэний тэргийг хааж зогссон жолоочийг шоронд хийхийг шаарджээ

Камчаткад хүнд өвчтөнд тусламж үзүүлэх гэсэн түргэний тэргийн замыг хааж зогссон жолоочийг эрүүгийн хариуцлагад татахыг шаардсан өргөх бичиг “Changa.org” сайтад нийтлэгдсэн байна. Нэгдүгээр сарын 12-ны орой байршуулсан уг уриалгад 13-ны байдлаар 16 мянга гаруй хүн гарын үсэг зураад байжээ.

“Энэ цагаандаа гарсан гэмт хэргийг олон нийт ихэд буруушааж байгааг харгалзан, зам хааж зогссон эмэгтэй жолооч, түүнчлэн хамт явсан зорчигчийг хамсаатан хэмээн үзэж, тэднийг эрүүгийн хариуцлагад татан, хорих ял оноохыг хүсч байна” гэж өргөх бичигт дурдсан байна. Цаашид ийм зөрчил гаргасан хүнд ногдуулах шийтгэлийг чангатгах хэрэгтэй гэж уриалгад өгүүлжээ. Жолооч эмэгтэйг 500 рублиэр торгох төдийхнөөр өнгөрсөн байна.

Яаралтай албадын ажилтнуудын ажилд саад хийвэл хүлээлгэх шийтгэлийг чангатгах шаардлагатай гэж Камчаткийн захирагч Владимир Илюхин баасан гарагт мэдэгджээ.

Бага эмч нарын бие даасан ҮЭ-ийн дарга Дмитрий Беляков “Үндэсний мэдээний алба”-нд өгсөн ярилцлагадаа түргэн тусламжийн тэргийн замыг хааж зогссон тохиолдолд эмч нар бараг юу ч хийж чаддаггүйг дурдсан байна. “Цагдаа болон замын цагдаагийн ажилтнуудыг л дуудаж болно. Бусад үйлдлийг танхайрал, халдлага хэмээн үзэх хэрэгтэй. Түргэний ажилтнуудад өөр ямар нэг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хууль алга” гэж тэр хэлсэн байна.

Энэ явдал нэгдүгээр сарын 10-нд Камчаткийн Петропавловск хотод болжээ. Тусгай дохиогоо ажиллуулсан түргэний тэрэг 21 настай өвчтөний дуудлагаар явж байжээ. Эмэгтэй жолооч болон түүнтэй хамт явж байсан зорчигч замыг нь хаан зогссон байна. Ингэснээр түргэнийхэн өвчтөн дээр гурван минутын дотор биш, харин 13 минутын дараа очжээ. Тийнхүү зүрхний дутмагшилд орсон дөнгөж 21 настай залуу тусламж авч чадалгүйгээр нас барсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ