Обама Оросын эсрэг хоригийг сунгав

Нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусах АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама Украины хэрэг явдлаас болж Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний үйлчлэлийг баасан гарагт нэг жилээр сунгав. Хориг арга хэмжээний хугацаа энэ оны гуравдугаар сард дуусах ёстой байсан юм.
Оросын засгийн газрын үйлдэл, бодлого “АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод ер бусын онцгой аюул учруулсаар байна” гэж америкийн засаг захиргааны тэргүүн үзэж байна. “Тиймээс би Украины талаар гаргасан 13660 тоот зарлигийн дагуу онц байдлын (хориг арга хэмжээний) горимыг үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн үзлээ” гэж тэр мэдэгджээ. Ийнхүү хориг арга хэмжээг бас нэг жилээр сунгалаа. Барак Обама дээр дурдсан зарлигаа 2014 оны гуравдугаар сарын 06-нд гаргасан юм.
АНУ-ын хориг арга хэмжээний үйлчлэлд Оросын олон иргэн, түүний дотор албаны хүмүүс, тэрчлэн Украины хуучин ерөнхийлөгч Виктор Януковичийн засгийн газрын төлөөлөгчид хамрагдсан юм. Үүнээс гадна, оросын томоохон бизнесмэнүүд болон компаниуд, түүнчлэн тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк, Луганск Ард Улсын удирдлага бас оржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ