МАН-ын бүлэг хуралдаж, хуулийн төслүүдийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг дээрх төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзсэн байна.

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын харьяанд дотоодын цэргийг байгуулахаар заасан юм. Улс орны чухал обьектыг хамгаалах, мөн үймээн самуун гарахад цагдаагийн байгууллагын харьяан дахь дотоодын цэрэг хамгаалж, хэв журам сахиулж ирсэн. Энэ тогтолцоо 1922 оноос эхтэй бөгөөд 1992 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд, 1992 оноос 2014 он хүртэл цагдаагийн байгууллагын харьяанд зохицуулагдаж иржээ. Холбогдох хуулийг шинэчлэн баталснаар 2014 оноос цагдаагийн байгууллагын харьяанд байсан дотоодын цэрэг татан буугдаж, чиг үүргийг нь цагдаа хариуцаж ирсэн. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар дотоодын цэргийг сэргээх шаардлагатай гэж үзсэн, мөн улсын онц чухал обьектыг дотоодын цэргээр хамгаалуулах нь эдийн засгийн талаасаа ч хэмнэлттэй хэмээн үзэжУИХ дахь МАН-ын бүлэг дотоодын цэрэг байгуулахыг дэмжсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжжээ. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад дээрх хуулийн төслүүд ач холбогдол өгнө гэж үзсэн байна.

Түүнчлэн бүлгээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог хангахад дээрх хууль чухал ач холбогдолтой хэмээн бүлэг үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ