Торгох, баривчлах шийтгэлийг давхар оноохгүй

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд оролцож буй гишүүдээс асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг дэмжлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаан нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хэд хэдэн дутагдалтай асуудал байна гэж хууль санаачлагчид үзсэн. Иймд замын хөдөлгөөний зөрчилд оногдуулах захиргааны шийтгэлийг нарийвчлан зохицуулах юм байна. Тодруулбал,

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаарбаривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна.

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болжээ.

Хуулийн дээр дурдсан тодорхойгүй зохицуулалтын улмаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй, үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, одоо 1295 зөрчилд ямар нэг хариуцлага ногдуулаагүй байна.

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 3 зүйлтэй байх бөгөөд өөрчлөлт орж буй заалт нь:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгахаар тусгасан байна.

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох” шийтгэл байхаар заажээ.

  • Мөн хуулийн 27.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд дахин “торгох” шийтгэл оногдуулахаар заасан нь хор уршиг, нийтэд учруулах аюул, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчил үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээс хамааран харилцан адилгүй зөрчилд нэг төрлийн шийтгэл оногдуулах оновчгүй зохицуулалтыг бүрдүүлэхээр байна. Иймд дээрх нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрд нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах шийтгэлийг дангаар нь оногдуулах заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ