Түрээсийн орон сууцыг хувьчилж авах боломжтой

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 248 дугаар тогтоолоор баталсан ба уг хөтөлбөрийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэр 2016 оны 2 дугаар сард гарсан. Барилга, хот байгуулалтын яам уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд уг журамд орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдахаар тусгасан байна. Үүнд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнууд, залуу гэр бүл буюу 2016.01.01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 нас хүртэл эхнэр, нөхрийг энэ бүлэгт хамруулахаар заажээ. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагчид, гэр оронгүй иргэд, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Уг ажлын хүрээнд 2016 оны 4 дүгээр сараас эхлэн “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хурадлаанаарипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байгаа юм байна. Эдгээр орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хамруулах ажил одоогоорэхлээгүй байна. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл бэлэн болсон 360 айлын түрээсийн орон сууцыг иргэдэд шуурхай олгох чиглэл өгөв.

Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Хөтөлбөрт хамрагдсан иргэд төлбөр барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх буюу хувьчилж авах боломжтой. Түүнчлэн 972 айлын орон сууцыг энэ жилд ашиглалтад оруулах юм байна.

Анх энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо олон байсан учир нийгэмд хардлага төрүүлэхгүйн мөн шудрага зарчмаар хамруулах үүднээс “сугалаа”-гаар явагдсан. Харин Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн цаашид "сугалаа" зарчмыг халж, хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг Нийслэлд шилжүүлэх төлөвтэй байгаа гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ