Хятадын эдийн засгийн хамгийн муу үзүүлэлт

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 2015 онд 6,8 хувь байсан бол, 2016 онд 6,7 хувь болж удааширсан нь сүүлийн 26 жилийн хамгийн муу үзүүлэлт болж байна. Ройтерс агентлаг БНХАУ-ын статистикийн товчооны баримтыг иш татан ингэж мэдээлжээ.

Өсөлтийн үзүүлэлт хятадын эрх баригчдын албан ёсны прогнозтой адилхан байна. Эхний гурван улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 6,7 хувь байсан бол, дөрөвдүгээр сард 6,8 хувь болж нэмэгджээ. Оны дүнгээр БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 74,41 их наяд юань (10,84 орчим их наяд ам. доллар) болсон байна.

Хятадын эдийн засаг одоо нэг жилийн өмнөхийнхөөс илүү сайн байгаа хэдий ч 2017 онд өсөлт тодорхой бус болж, түүнчлэн түрүүнд нь эрх баригчдын авсан эдийн засагт түлхэц өгөх арга хэмжээний үр нөлөө буурсан нь тус оронд аюул учруулж байгааг Ройтерс агентлаг тэмдэглэжээ.

Барак Обамагийн засаг захиргаатай харьцуулбал, худалдааны асуудалд дотоодын үйлдвэрлэлийг илүү хамгаалах байр суурь баримтлах бодолтой байгаа АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трампын бодлогоос болоод хятадын экспортын байдал бас дордож мэднэ. Юанийн ханш унаж байгаа нь нэмэлт дарамт болж, улмаар БНХАУ-ын валютын нөөцөд ачаалал бий болгож байна.

2016 онд Хятадын эдийн засгийн өсөлт 6,7 хувь байна гэдгийг БНХАУ-ын дарга Ши Зиньпин нэгдүгээр сарын 06-нд нотолсон юм. Ингэхдээ Хятадын эрх баригчид 2017 оны дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилтот прогнозыг 6,5-7 хувиас 6,5 хувь болгон бууруулна гэж Ройтерс агентлаг бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ