Оросын хилийн ойролцоо Хятад улс пуужин байрлуулсныг Кремль тайлбарлав

Хятад улс Оростой хиллэдэг мужид баллистик пуужин байрлуулсныг Оросын тал аюул хэмээн үзэхгүй байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мягмар гарагт ингэж мэдэгдсэнийг хэвлэлд уламжилжээ.
“Хятадын зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлдлийн тухай энэ мэдээлэл үнэн бол, наанадаж Хятадын цэргийн байгуулалтыг манай оронд учирч буй аюул хэмээн үзэхгүй байна” гэж тэр хэлжээ.
Орос улс “манай стратегийн холбоотон, улс төр, худалдаа-эдийн засгийн түнш болох Хятадтай тогтоосон харилцаагаа эрхэмлэдэг гэж Песков онцлон тэмдэглэжээ.
Оросын Холбооны зөвлөлийн гадаад харилцааны хорооны тэргүүн Константин Косачев пуужин байрлуулсан тухай мэдээлэл гарснаас болоод сэтгэл түгшихгүй байхыг түрүүнд нь уриалсан юм. Орос, Хятадын хамтын ажиллагаа одоо урьд өмнө байгаагүй өндөр түвшинд гарлаа гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
БНХАУ Оростой хиллэдэг зүүн хойд нутгийн Хэйлунзян мужид тив хоорондын “Dongfeng-41” баллистик пуужин байрлууллаа гэж “Global Times” сонины нэгдүгээр сарын 23-ны дугаарт бичжээ. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь эрдэм шинжилгээ-судалгааны болон үйлдвэрлэлийн ажил дууссантай холбоотойг сонинд дурдсан байна. Гэсэн ч Хятадын тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хийсэн “өдөөн хатгасан мэдэгдэл” пуужинг шилжүүлэн байрлуулах шалтаг болж байна гэж зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн үзэж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ