Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан гадагшаа зугтжээ

Сар шинийн өмнөхөн Могой жилийн өнгийг шинжээч нар төрийн өндөр дээд албан тушаалтнуудад халтай жил болно гэсэн нь биеллээ олж байх шиг. Өдөр бүр хэн нэгэн албан тушаалтны хэзээ, яаж идэж уусан нь илрээд, зугаатай ч юм шиг, нөгөө талаар харамсалтай ч юм шиг.

Өнгөрсөн хугацаанд ард түмний өмч болж, бүтээн байгуулалт хийгээд олон зүйлд зарцуулагдах байсан мөнгийг хэдхэн албан тушаалтан, цагаан захтай нөхдүүд идээд уучихсан гэхээр хариуцлага хангалттай тооцох хэрэгтэй мэт. Ё.Отгонбаярын эхнэрийн гэгдэх ихээхэн мөнгөний том дуулианы хажуугаар агентлаг, газрын дарга сэтэртэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын идэж уусан баримтууд мөн эхнээсээ илэрч байна. Үүний нэг нь Газрын тосны газрын өмнөх дарга асан Д.Амарсайхан гэгч юм.

Тэрбээр татварт орох ёстой байсан мөнгийг хувьдаа завшиж байсныг аудитынхан шалгалтаар илрүүлжээ. Дорнод аймгийн Мэнэнгийн талыг бусниулан, Монгол Улсын газрын доорх баялгийг дарангуйлан олборлож байгаа “Петрочайна Дачин тамсаг” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Монгол Улстай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ гээчийг байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг, харин Монгол Улсад үлдсэн 24 хувь нь оногдохоор тусгажээ.

Харин “Петрочайна Дачин тамсаг”-ийн татварын асуудал өнөөг хүртэл нууц байсаар ирсэн юм. Албаны хүмүүсийн мэдээлэл, Татварын ерөнхий газрын өгч байгаа мэдээлэл хоёр хоорондоо зөрүүтэй байсаар хэдэн жилийн нүүрийг үзсэн аж.

Татварын ерөнхий газрынхан Бүтээгдэхүүн хуваах гэрээний барцадаас болж Монгол Улсын татварт бараг орлого төлдөггүй тус компанийн талаар мэдээлдэг бол бусад албаныхан “Петрочайна бол маш сайн мөнгө төвлөрүүлдэг газар” гэх зэргээр хол зөрүүтэй мэдээлэл цацагдсаар байдаг билээ. ГэтэлМонголд ногдох татварын орлогын 24 хувийн нэг хувийг ньГазрын тосны газрын өмнөх дарга Д.Амарсайхан тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтнууд хувьдаа халаасалдаг байсан нь ийнхүү аудитын шалгалтаар илрээд байна.

Тус байгууллагад "Петрочайна Дачин тамсаг" компаниас өгсөн мэдээ, Газрын тосны газрын ирүүлсэн дүн хоёрын дунд 417.026 баррель буюу 40.522.976 сая ам.долларын зөрүү гарсан байна. Шалгаад үзэхэдГазрын тосны газрыналбан тушаалтнууд газрын тосны орлогоос орох нэгхувийг яг МИАТ-ийн удирдлагуудын нэгэн адил гадаадад данс нээж шилжүүлдэг байжээ.

"Петрочайна Дачин тамсаг" компаниас Хонконг дахь Шанхай банкны нэгэн данс руу"SunWang" гэх компанийн нэр дээр хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлдэг байсан аж. 2011 оны эхний найман сарын байдлаар л гэхэд "SunWang" компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжсэн байна. Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар Хонконгийн Шанхай банк руу оржээ.

Ийнхүү "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу "Пейтрочайна Дачин тамсаг" компанийн олборлосон газрын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонконг руу явдаг байсан нь тогтоогджээ. Энэ данс нь Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэргүүтний Хонконгд нээсэн данс байж болзошгүй байгаа юм.

Энэ хэрэг илрэнгүүт Газрын тосны газарт хөндлөнгийн шалгалт оруулах гэхээр тус газрын дарга албан тушаалаа ашиглан оруулдаггүй байсан аж. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээг ч “Улсын нууц” хэмээн олон нийтээс нууж ирсэн нь өнөөдөр л олны чихэнд хүрч байгаа юм.

Хэрэг илэрснээр мэдээж холбоотой хүмүүсийг шалгаж эхэлсэн нь тодорхой. Гэвч Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан энэ хэргийг шалгаад эхлэнгүүт гадаадад гарч зугтсан бөгөөд одоогоор аль оронд, юу хийж яваа нь тодорхойгүй байгаа юм байна.

Энэ хэрэг нэгэнт тодорхой болсон тул цаашдаа оргон зайлж, хил давсан Д.Амарсайханыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ч асуудал үүсч магадгүй болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ