Цагаан ордон: Трамп, Путин хоёрын утсаар ярьсан тухай

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярихдаа, террорын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэхэд хамтран ажиллах, дэлхий дэх элдэв мөргөлдөөнийг зохицуулах, хоёр орны харилцааг хэвийн болгох асуудал хэлэлцсэн байна. Ройтерс агентлаг Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдсэнийг иш татан ингэж мэдээлжээ.
“Энэ үеэр “ИУ” бүлэглэлийн эсрэг тэмцэхэд хамтран ажиллахаас аваад, дэлхий нийт, тухайлбал Сирид энх амгалан байдал тогтооход хамтран ажиллах хүртэл янз бүрийн сэдвийг хөндөж ярилцлаа” гэж мэдээнд дурджээ.
Трамп, Путин хоёрын ингэж “нааштай байдлаар ярилцсан” нь сэргээх шаардлагатай байгаа “Орос, АНУ-ын харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал эхлэл болж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн алба тэмдэглэсэн байна. “Энэ өдрийн ярианы дараа" хоёр тал террорын эсрэг тэмцэх болон харилцан сонирхож буй бусад чухал асуудлыг шийдвэрлэх ажилд даруй түргэн орж болох юм” гэж ерөнхийлөгч Трамп болон ерөнхийлөгч Путин нар найдаж байна” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа үзэж: байна.
Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар нэгдүгээр сарын 28-ны орой утсаар ярьж, энэ яриа 45 минут үргэлжилжээ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Сири, Украины мөргөлдөөнт байдал, түүнчлэн хоёулаа биечлэн уулзах боломж, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх асуудал хэлэлцжээ. Ингэхдээ оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах тухай сэдвийг хөндөж яриагүйг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тодруулан тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ