Квебект лалын шашинтнуудад хэн халдав?

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд канадын Квебек хотод лалын шашинтнуудад халдсан этгээдүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлжээ. Тухайлбал Ройтерс агентлаг Канадын цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлснийг иш татан уламжилсан байна.

Тэдний нэг нь франц гаралтай Канадын уугуул Александр Биссонет гэнэ. Нөгөө нь Марокко гаралтай Мухаммед Кхадир гэгч ажээ. Тэдний нэг нь Лавалийн франц хэлний их сургуулийн оюутан, гэхдээ чухам хэн нь гэдгийг мэдээлэхгүй байна. Эхнийхийг нь буун дуу гармагц сүмд саатуулж, хоёр дахь нь нэг цагийн дараа өөрөө бууж өгчээ. Тэднээс өөр сэжиглэгдэж буй хүмүүс байхгүй бөгөөд халдлагад бэлтгэж, үйлдэхэд өөр хүн оролцоогүй гэж цагдаагийн төлөөлөгчид хэлсэн байна. Халдлага үйлдсэн шалтгаан, зорилго одоогоор тодорхойгүй байна.

Зэвсэглэсэн гэмт этгээдүүд Квебекийн том сүм гэдгээрээ нэрд гарсан исламын соёлын төвд нэгдүгээр сарын 29-ний орой мөргөл үйлдэж байх үеэр дайран оржээ. Тэд “Аллах акбар!” хэмээн хашгиран, буудаж эхэлсэн байна. Энэ мөчид уг төвд янз бүрийн мэдээгээр, 40-100 хүртэл хүн байжээ. “Le Soleil” сайтад бичсэнээр, нэг нь автомат буутай байсан байна.

Сүүлчийн мэдээгээр, зургаан хүн амь насаа алджээ. Таван хүн үхлүүт байгаагаас гадна, бас 12 хүн хөнгөн шархадсан байна.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо соёлын төвд болсон хэрэг явдлыг өөдгүй халдлага, Квебек мужийн тэргүүн Филипп Куйяр террорын ажиллагаа гэж тодорхойлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ