Ерөнхий сайдын нууц амраг эхнэрийг нь тагнаж байжээ

Чех улсад авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр дээд албан тушаалын 7 албан хаагчийг саатуулсан байна. Тэд цөмөөрөө одоо огцрохын даваан дээр байгаа ерөнхий сайд Петр Нечасын шадар хүмүүс ажээ.

Энэ асар их дуулиант хэрэг одоогийн танхимын нэр хүндийг сүрхий муутгаж, засгийн газрыг огцруулж мэдэхээр байна.

Саатуулагдсан хүмүүс ерөнхий сайдтай ямар нэг байдлаар холбоотой байжээ. Тэдний дотор хуучин депататууд, төрийн албан хаагчид, цэргийн тагнуулын албаны ажилтнууд болон засгийн газрын тамгын газрын тэргүүн ч байгаа ажээ.

Тэднийг авлига авч, албан тушаалаа урвуулан ашиглаж, тэр ч байтугай хууль бусаар тагнаж байсан гэж буруутгаж байна.

Цэргийн тагнуулын албаны тэргүүн, хөдөө аж ахуйн хуучин сайд, эрүүл мэндийн хуучин сайд, эрх баригч намын парламентын бүлгийн тэргүүн болон ерөнхий сайдын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Яна Нагиева нарыг баривчилжээ.

Түүнийг Петр Нечасын баруун гар, нууц амраг нь ч гэж үздэг байна. Тэр одоо салж байгаа ерөнхий сайдын гэргийг ажиглаж байх захирамжийг тус орны тагнуулын албаны удирдлагад биечлэн өгч байсан гэх яриа байгаа ажээ.

Сайд нарыг баривчлах ажиллагаанд жил хагасын туршид маш нууц байдалд бэлтгэсэн байна. Хувийн харшаас аваад, Прага хотын захиргаа болон батлан хамгаалах яам хүртэлнийт орны хэмжээнд баривчилгаа явуулах үеэр олон арван килограмм алт, зургаан сая евро хураажээ.

Засгийн газрын төсвийн бодлогод дургүйцэж байгаагаа телевизийн камерын өмнө илэрхийлж,санал өгөхөөс татгалзаж байсан зарим дуулгавартай депутат дараа нь ердөө л худалдагдаж, сайн дураараа явсан гэх буюу улсын компаниудын захирлын зөвлөлийн гишүүний зөөлөн суудалд очжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ