Хөөрхий “Хөлдүү” загвар өмсөгчид

Сайхан тал нутагт гуя хасаа гайхуулан ихэмсэг зогсох загвар өмсөгч бүсгүй ганцхан зүйлээс болж одоо олон нийтийн сүлжээнд адлагдаж байна.Хөлөн доороо араг дэвсэлсэн энэхүү зураг загвар өмсөгчдийг нэгийг бодоход хүргэсэн байх.Хөлдүү толгойтой гэж хэлэгддэг загвар өмсөгчдийг сүүлийн үед олон улсад монголынхоо нэрийг гаргаж байгаа хүмүүсийн тоонд оруулан өмөөрч байгаа. Гэтэл тэд ямар поз авахаа ч мэддэггүй хөлдүү амьтад хэвээрээ л байна.“Би өмссөн хувцсаа яаж хүмүүст хүргэх вэ гэдгийг байнга боддог” гэж худлаа залдаг загвар өмсөгчид араг гишгэлж авахуулвал хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэдгийг бодож үзээгүй л байна шүү дээ.

“Алтай кашмер”-ийн сурталчилгааны зурагт хуудаст монгол ёс заншлаа гажуудуулсан бас нэгэн жишээ бий. Монгол үндэсний хэв маяг оруулсан цамц, даашинз өмссөн загвар өмсөгчид авдар дээрээ суусан зураг бий.Үндэсний хэв загвартай ноолууран хувцсаа монгол ахуйтай хослуулж байгаа нь тэр гэнэ. Дахиад л үүнээс болж авдар дээр суусан өнөөх загвар өмсөгч хөөрхий “Монголоо алдсан хөлдүү нэгэн” болж харагдана.

Мөн иж бүрэн монгол хатны хувцас өмссөн бүсгүй хөхөө ил гаргана, хүүхдээ эв хавгүйхэн хөхүүлж буй зураг байдаг. Монгол эмэгтэй хэзээ ч тэгж хүүхдээ хөхүүлдэггүй. Элгэндээ тэвэрч, энгэртээ наах боломж тэр эмэгтэйд ер алга. Хүүхдээ хөхүүлж буй эх шиг харагдахгүй, хүүхэлдэйгээр наадаж буй эротик зураг шиг л харагддаг.

Загвар өмсөгчид ийнхүү хөлдүү гэх нэр зүүхээс аргагүй байдалд өөрсдийгөө оруулж байна. Араг дээр гишгэ гэвэл гишгэж, авдар дээр суу гэвэл суудаг тийм л удирдлагатай роботууд. Араг дээр ч гишгиж болдоггүй байхаа, авдар дээр бурхан тахилаа тавьдаг болохоос хэзээ сууж байлаа гэж хэлэх мэдлэг, мэдэл алга. Тиймээс ч тэд өнөөдөр өөрийнхөө толгойг гишгилсэн зураг болон хувирч байна.

Гоё биетэй, гайгүй царайтай л бол кинонд ч тоглож, мисс ч болж чадна гэж эндүүрдэг охид залуус толгойндоо юм хийхээсээ өмнө загварын тайзан дээр гарах гэж яардаг. Тэгээд бэлтэй нэгний хараанд өртвөл жинхэнэ ёсоороо кинонд тоглож, мисс болдог. Гэвч даравч далдайна, булавч бултайн гэгчээр өнөөх миссүүд маань хөлдүү гэдгээ нууж чадахгүй. Хэдэн онд ч билээ Мисс Хонгорзул гэж арван жилийн сурагч олон улсын миссийн тэмцээнд явчихаад “Монголын мисс маань хэр мэдлэгтэй хүн бэ” гэсэн асуултад “Би сонин уншдаг” гэж хариулж тухайн үедээ онигоо болсон. Хожим өнөөх мисс маань оюутан болсон хойноо “Үнэн үү” ток шоугаар оролцож байхдаа ч авсан шагнал урамшууллаа гайхуулах гэж зүтгэнэ бас л онигоо болсон. Ингээд л манай загвар өмсөгчдийг хөлдүү гэж гоочилохоос аргагүй байдлыг тэд өөрсдөө л гаргаж байгаа.

Сайхан охид, хөвгүүдийг загварын тайзан дээр алхаж гишгиж сургадаг агентлагууд нь энэ тал дээр нь анхаарч өөрсдийнхөө нэрийг ч гэсэн бодмоор юм. Нэг л их сайхан хүүхэн залуус авдар дээрээ суучихаад инээж байдаг.

М.Ариунсувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ