Хойд Солонгос Япон дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилон пуужин харвасан гэж мэдэгдэв

БНАСАУ-ын эрх баригчид өнгөрсөн даваа гаригт Япон дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилон дөрвөн баллистик пуужин харвасан хэмээн мэдэгджээ. Энэ талаар Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлснийг Японы NHK телевизийн мэдээнээс иш татан ТАСС уламжилсан байна.
“Манай улс Япон дахь АНУ-ын цэргийн хүч рүү довтлох сургуулилтын хүрээнд дөрвөн баллистик пуужин амжилттай харвасан” гэж мэдэгдсэнийг NHK онцолжээ. Энэхүү үйл ажиллагааг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр удирдсаныг тэмдэглэсэн байна. Мөн Хойд Солонгосын эрх баригчид пуужин харвасан нь улс орноо хамгаалах системийн нэг хэсэг юм гэж мэдэгджээ.
Өнгөрсөн даваа гаригийн өглөөний 7:36 цагт Хойд Солонгос баруун хойд эрэгтээ орших, алсын тусгалтай пуужин харвадаг “Дончан-ри” хэмээх газраас дөрвөн пуужин харваснаас гурав нь Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан гэж албаны хүмүүс мэдэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ