Египет улс Сирээс дипломат харилцаагаа таслав

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси Сири улсаас дипломат харилцаагаа тасласан тухай бямба гарагт мэдэгдэв гэж Ройтерс агентлаг уламжилжээ.
Египет улс Дамаск хотоос элчин сайдаа татаж, Каир дахь Сирийн элчин сайдын яамыг хаах бодолтой байна.
“Бид Сири улс болон тэндхийн дэглэмээс харилцаагаа бүрэн таслахаар шийдвэрлэлээ” гэж Египетийн ерөнхийлөгч Каир хотод болсон сүннит шашинтнуудын төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Үүнээс гадна, Сирийн нутгаас өөрийн дайчдыг гаргахыг Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжиж байгаа Ливаны шиит шашинт “Хезболлах” бүлэглэлийн удирдагчдаас Мурси шаардсан байна. Түүнчилэн Египетийн ерөнхийлөгч Сирийн нутаг дэвсгэрийн дээгүүр нислэггүй бүс тогтоохыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ.
Египетийн оршин суугчдын олонх нь Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг тулалдаж байгаа сирийн босогчид буюу нэг шашинтнуудыгаа дэмжиж буй сүннит шашинтнууд байдаг юм.
Сирид 2011 оны хавраас иргэний дайн үргэлжилж байгаа билээ. Башар Ассадын талынхан болон эсэргүүцэгчдийн дайны явцад тус оронд 90 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ