ГХЯ: Хятадад хоригдож буй Л.Байгальмаа ялтан солилцоонд хамрагдаагүй

Манай улс хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд бусад улс орнуудтай ялтан солилцдог. Тэгвэл энэ удаад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсч, тус улсын шоронд хоригдож буй Л.Байгальмааг эх орондоо авчрахаар болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарлаа. Энэ талаар бид Гадаад харилцааны яамны албаны эх сурвалжаас тодруулахад “Л.Байгальмаа ялтан солилцох гэрээнд хамрагдах хүсэлт гаргаагүй. Тиймээс энэ удаагийн хэлэлцээрт хамрагдахгүй. Хамрагдах иргэдийн нэрс гарсан байгаа” гэв.

Манай улс энэ онд БНХАУ-аас 25, Шведээс нэг, БНСУ-аас хоёр ялтан солилцох санал гаргаад байгаа юм байна. Тэдний дунд хар тамхины хэргээр ял сонссон Л.Байгальмаагийн нэр байхгүй аж.

Хэрэв Л.Байгальмаа Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон бол 25 жилийн ял шийтгэх авах байсан. Харин БНХАУ-ын шүүх түүнд цаазын ял оногдуулснаа хөнгөвчилж, 25 жил болгосон байна. Одоогоор тэрээр оногдуулсан ялын 7 жилийг биечлэн эдэлж, 18 жилийн хорих ялтай үлджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ