Шадар сайд Баянзүрх дүүрэгт ажиллаа

Шадар сайд У.Хүрэлсүх нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 21 дүгээр хороодод ажиллаа. Дүүргийн 10 дугаар хорооны 1б, 1в хэсгийн Долоон булагт хэмээх газарт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан юм. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд голын гольдрол, булаг шандад шороо асгаж, зөвшөөрөлгүй 33 айл бууснаас дээрх хэсгийн зарим айл өрх усанд автаад байгаа аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой комисс, Нийтлэг үйлчилгээний газрууд, хороод хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм байна. Одоогоор нийт 22 албан хаагч тусгай зориулалтын ачааны машин гурав, ковш хоёр, шуурхай албаны машин, экскаватор нэг,нийт долоон техник хэрэгсэлтэй ажиллаж 15.1 сая төгрөгийн зардал гараад байгааг холбогдох албаныхан онцоллоо. Мөн Улсын онцгой обьект болох Амгалан дулааны станц руу ус орохоос урьдчилан сэргийлж, хойд талд нь 4 м урттай, 2 м өндөртэй, 2 м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийжээ.

Иймд зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэх зардлыг гаргах, тухайн газар нутгийг хамгаалалтын бүст оруулж, нэмэлт далан суваг, тохижилтын ажил хийх, үерийн далангийн хуучин гольдролыг яаралтай сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байв. Мөн Шадар сайд дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, шар усны үерт автдаг газруудтай танилцаж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ