Г.Дэнзэн нарын шүүх хурал ирэх даваа гаригт болно

Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилсон. Учир нь, шүүгдэгч н.Төгсбаярын өмгөөлөгчийн ар гэрт гачигдал гарсан учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан билээ. Тэгвэл тус шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх даваа гарагт болно.

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм.

Ингээд Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ